Монголын мэргэжлийн боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулж буй “Монгол ур чадвар-2020” тэмцээний эхний шатны шалгаруулалт өчигдөр болов. Ялагч нь “Шанхай-2021” буюу дэлхийн ур чадварын 46 дахь удаагийн тэмцээнд улсаа төлөөлж оролцох юм. Хоёр жилд нэг удаа болдог тус уралдаанд манай улс 2013 оноос оролцжээ. Эл арга хэмжээг зохион байгуулахдаа дэлхийн стандартыг баримталдаг. Энэ нь багш, сурагчийн аль аль нь тухайн мэргэжлээрээ олон улсын жишигт суралцаж, ур чадвараа хөгжүүлэхэд нөлөөлдөг юм. Өмнөх жилүүдэд үндэсний ялагчаар шалгарч, дэлхийд өрсөлдсөн хүүхэд, залуучууд одоо оролцогчдод зааварчлан, зарим нь шүүгчээр ажиллаж буйг албаныхан онцоллоо. Модон эдлэлийн мужаан, цахилгаанчин, сантехникч, өрөг угсрагч, гагнуурчин, токарьчин, тогооч гэсэн долоон мэргэжлийн ур чадварын уралдаан Өмнөговь аймаг, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт болсон. Энэ жилийн үндэсний аварга шалгаруулах арга хэмжээг ХНХЯ, Барилагчдын нэгдсэн холбоо, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ мэдээлэл арга зүйн төвтэй хамтарч хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний шатанд 80 хүн өрсөлдсөн бөгөөд дүн нь өнөөдөр гарна. Удаахыг нь 2021 онд зохион байгуулах аж. Өрөг угсрах уралдааны шүүгч А.Тодрол “Даалгаврыг сарын өмнө сайтад байршуулж, оролцогч нарт бэлдэх хугацаа өгдөг. Харин өмнөх өдөр нь тус даалгаврын 30 хувийг багш, шүүгчдийн багийнхан өөрчилдөг. Өнгөрсөн жил 25 хүүхэд оролцсон хэдий ч энэ жил цар тахлын улмаас таван хүүхэд өрсөлдөж байна. Тэд Бээжин хотын Цагаан хэрмийг дүрсэлсэн загварыг 300 минутын дотор өрж, дараа нь шүүгч, багш нар бүтээлийг хэмжиж, үнэлгээ хийнэ” гэлээ. Сантехникийн төрөлд шүүж буй О.Занданхүү “Энэ жил 10 хүн өрсөлдөж байна. Оролцогчид халаалт, цэвэр, бохир усны шугамыг найман цагийн дотор угсрах ёстой. Жил ирэх тусам хүүхдүүд илүү чадварлаг болж байгаа” гэв.
Бэлтгэсэн: О.Алуунгуа