
Хүннү Эйр компанийн есөн сарын 28-ны нислэгээр амьсгалын аппараттай нярай хүүхдийг эмч нь тэвэрчихсэн ирээд онгоцонд сууж чадалгүй үлдсэн талаар МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан. Уг асуудлын талаар түүнээс тодрууллаа.
Тэрбээр "Улаанбаатар-Баян Өлгий чиглэлд 2020.09.28-ны өглөө 07.10 минутад нисэх ёстой бид 06.40 минутад Буянт-Ухаа нисэх буудал дээр очтол Аеро Монголиа бүртгэл хийж байхтай таарч анзааралгүй Аеро монголиагийн бүртгэл дээр зогсож байгаад Хүннү эйрийн бүртгэлээс хоцорсон байв.
Анхааруулга, зар яваагүй болохоор анзааралгүй зогсож байгаад бүртгэлээс хоцорсноо мэдэв. Ингээд Хүннү эйр компанийн ажилтнуудтай уулзахад нийт 12 хүн бүртгүүлж амжилгүй бидэнтэй адил хоцорсон байв. Хүннү эйрийн ажилтан тайлбар тавьж хэрүүл хийсээр байгаад онгоц нь хөөрсөн юм.
Гэтэл тэр өглөөний нислэгээр нэг орчим сартай болов уу гэмээр нярай хүүхэд амандаа амьсгалын аппараттай гурван цаг амьсгалах хэмжээний хүчилтөрөгчийн хамт эмч нь тэвэрчихсэн ирээд онгоцонд сууж чадалгүй үлдсэн.
Тэр нярайг тэвэрч явсан эх нялхасын эмч хоолой нь зангираад "бид цагаасаа өмнө ирсээр байтал танай ажилтны хариуцлагагүй байдлаас болж энэ хүүхэд онгоцондоо орж чадсангүй" гээд уйлах шахан ярьж гуйсаар байгаад онгоц хөөрсний дараа эмнэлэгрүүгээ тэр бяцхан маамууг аваад буцсан.
Хүннү Эйр компани хүний амь нас яригдаж байгаа энэ асуудал дээр хариуцлагагүй, ёс суртахуунгүй хандсан. Намайг пост оруулсны дараа иргэд тус компаниас болж яаж хохирсон тухай маш олон талын зүйлийг бичсэн байна лээ" гэв.