
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр Хил хамгаалах ерөнхий газраас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "Хилийн хорио цээр хяналтын газрын үндсэн бодлогын дагуу хүн малын гоц халдварт өвчин буюу коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс, ургамлын хорио цээрийн үеэр болон тандалт судалгааны зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийдэг.
Одоогийн байдлаар хилийн боомтуудад нийт 35 ариутгалын мэргэжилтэн ажиллаж байна. Тухайлбал, Буянт-Ухаа боомтод долоо, Алтанбулаг боомтод дөрөв, Замын-Үүд боомтод дөрөв, бусад боомтууд дээр хоёроос дөрвөн мэргэжилтэн ту тус ажиллаж байгаа юм.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсанаас хойш улсын хилээр нэвтэрсэн нийт 278,288 тээврийн хэрэгслийг урьдчилан сэргийлэх болон халдваргүйтгэлд хамруулсан. Монгол Улсад халдвар тархаагүй байгаа шалтгааны нэг нь ариутгал халдваргүйтгэл тодорхой түвшинд сайн хийгдсэнтэй холбоотой. Цаашид бид улс хооронд тээвэр хийж буй жолооч нарт сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Учир нь халдвар авах эрсдэлтэй бүлэг нь өөрөө жолооч болчихоод байгаа тул болгоомжтой байх хэрэгтэй" хэмээв.