
Импортоор орж ирсэн автомашины мэдээллийг "Е-barimt" аппликейшн ашиглан харах боломжтой болсон талаар ШӨХТГ, ГЕГ, ТЕГ, Санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран мэдээлэл хийлээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "И-баримт аппликейшны системд 146 төрийн үйлчилгээ бий. Бид тус аппликейшнд шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Тодруулбал, хилээр орж ирсэн машиныг хэдэн километр зам туулсан, ямар гэмтэлтэй, хэзээ бүртгэгдсэн гэх мэт мэдээллийг харах боломжтой болсон.

Түүнчлэн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч иргэд нээлттэй хянах юм. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо" гэлээ.