
Жил бүрийн 10 дугаар сард болдог “Дэлхийн алхалтын өдөр”-ийг угтан “Идэвхтэй алхалтын аян”-ыг 10 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгуулах болсон талаар өнөөдөр мэдээллээ.
Уг арга хэмжээг Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.
Тус аяны талаар Биеийн тамир, спортын улсын хорооны газрын дарга Г.Одбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Идэвхтэй алхалтын аян” -ы хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон Дүүргийн ЗДТГ-уудад хамтран ажиллах албан бичиг хүргүүлж спорт хорооны мэргэжилтнүүдэд ААН байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй оролцуулах юм. Аяны хүрээнд төрийн албан хаагчид өдөрт 10 000 алхам алхах, алхаж ажилдаа ирж очих, цаашид энэхүү үйлийг хэвшүүлэх, аж ахуй нэгж байгууллагууд хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулж бусдыгаа уриалах ажлууд зохион байгуулагдана. Тухайлбал “Идэвхтэй алхалтын аян”-ы 10 хоногт лифтээр биш шатаар, машинаар биш явганаар зорчихыг уриалсан сурталчилгааг олон нийтэд болон сошиал орчинд түгээж мөн иргэдэд зориулсан алхалттай холбогдолтой эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг Монголын оюутны холбоотой хамтарч гарцаар гарч буй иргэдэд тараана. Түүнчлэн "Дэлхийн алхалтын өдөр"-ийн арга хэмжээг жилд 2 удаа улс орон даяар тэмдэглэж байх, алхалтын ач тусыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажлыг цаашид тогтмол зохион байгуулах юм" гэлээ.
Мөн алхалтын ач тус болон судалгааны талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Г.Цагаанхүү хэлэхдээ "Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой. Дашрамд дурдахад дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх муутай байдаг бөгөөд хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг байна. Түүнчлэн хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болдог байна. Иймээс ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10 000 алхахыг зөвлөдөг" гэж хэлэв.
Уг аяныг дэмжин хамтран ажиллах болсон талаар “Алхая” аппликейшнийг үүсгэн байгуулагч Г.Ганчөдөр мэдээлэл өгөв. Тэрбээр, "Нийгмийн үндэсний эрүүл мэндийн төвийн судалгаагаар Монголчууд өдөрт дунджаар 3000 орчим алхдаг гэсэн судалгаа гарсан. Харин бид "Алхая" аппликейшнийг зохион бүтээгээд хүн өдөрт 10000 алхдаг болгох зорилт тавиад ажиллаж байна. "Алхая" гэсэн аппликейшнийг ашиглаж оноо цуглуулж томоохон байгууллагуудаас хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой" гэв.