Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас олгодог, төрсний болон гэрлэсний зэрэг 26 төрлийн лавлагааг үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д шилжүүлсэн талаар өчигдөр мэдээлэв. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас олгодог 23 төрлийн лавлагаа, гурван төрлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр цахимаар авах боломжтой. Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “E-Mongolia” нэгдсэн системд иргэд хурууны хээ, регистрийн дугаар зэрэг хэзээ ч давхцахгүй өгөгдлөөр нэвтэрнэ. Үйлчилгээ авсан иргэдийн цөөнгүй нь иргэний үнэмлэхээ дахин захиалсан байна. Саяхнаас уг системээр дамжуулан гадаад паспортыг дахин захиалах боломж бүрдлээ. УБЕГ-ын burtgel.mn сайтын бүх лавлагааг мөн эл системд оруулсан” гэв. Зарим үйлчилгээг ийнхүү цахим хэлбэрт шилжүүлснээр ирэх сарын 1-нээс иргэний лавлагааг Зуун айл дахь Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас олгохоо зогсоох аж. Тодруулбал, иргэд шаардлагатай лавлагаагаа www.e-mongolia.mn цахим хуудаснаас авч болох нь. Түүнчлэн ТҮЦ машинаас 10 төрлийн лавлагаа авах боломжтой. Мөн нийслэлийн есөн дүүрэг болон “Дүнжингарав”, “Оргил”, “Мишээл”, “Драгон” худалдааны төв, Баянхошуу, хорооллын “И-март”-д өөрийн биеэр очиж, үйлчлүүлж болно.
Сонирхуулахад, “E-Mongolia” аппликэйшнийг одоогоор 50 000 гаруй иргэн гар утсандаа суулгасан бөгөөд 252 хүн иргэний үнэмлэх, 2881 иргэн жолооны үнэмлэх захиалжээ.