
БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд эхэллээ. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж, прокуророос өнгөрсөн долдугаар сарын 16-нд яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
БНХАУ-ын харьяат Шу Хуй Хуан, Хуан Яао Шэнг, Еэ Чин Хуй нар нь бүлэглэн 2019 оны аравдугаар сарын 6-наас 2019 оны аравдугаар сарын 29-н хүртэлх хугацаанд “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ,“Скайп” Skype зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч мэхэлсэн. Улмаар энэхүү залилан нь бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад чиглэж байсан гэдэг. Дээрх гурван иргэн энэхүү залилах гэмт хэргийн зохион байгуулалттай далд бүлэгтээ нутаг нэгтнүүд болох Нарсу, Хуан Шин Бин, Лиан Жи Фөнг гурвыг нэмж элсүүлсэн байдаг. Улмаар залилангийн гэмт хэрэгтээ илүү олон хүнийг элсүүлэх, төөрөгдүүлэхээр урьдчилан төлөвлөж, бэлтгэсэн байж. Мөн тэд бүлэглэн дээрх хугацаанд 180 хүнийг Монголд байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ,“Скайп” Skype зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж өгчээ. БНХАУ-ын тэдгээр иргэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.3-1, мөн хуулийн 17.3-3-3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хурал эхэлсэн ч өмгөөлөгч хүсэлт гаргаснаар хэргийг хэлэлцэх хугацааг хойшлуулсан байна.