
Ховд аймгийн Жаргалант сум Баатархайрхан багийнхнаас “Нисэх буудлын постоор сэжиг бүхий хүн өнгөрсөн” гэсэн мэдээлэл иржээ. Энэ дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар очиж, үзлэг шалгалт хийсэн аж. Шалгалтаар тус аймгийн харьяат, 45 настай иргэн ямааны мах тээвэрлэж явсан нь тодорхой болжээ. Сэжигтэн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хурд-150” загварын улсын дугааргүй мотоцикл ашиглан уулнаас янгир ямаа агнан, түүнийгээ тээвэрлэж явсныг цагдаагийнхан илрүүлжээ.
Хэргийг Ховд аймаг дахь Цагдаагийн газрынхан шалгаж байна. Үүнээс гадна Дорноговийн Сайншанд сумд ч ан амьтан хууль бусаар агнасан байж болзошгүй мэдээллийг шалгаж эхлэв. Тодруулбал, тус сумын нэгэн иргэн Дорноговь зар мэдээ гэх группт “Хулангийн шинэ туурай зарна” гэсэн мэдээлэл оруулжээ. Үүний мөрөөр шалгахад Тус сумын V багт суух Э.Аргабилэг Хулангийн туурай дөрвийг хадгалж байсан гэнэ. Хулангийн туурайг эд мөрийн баримтаар хураан авчээ.