
Шүүгдэгч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх есдүгээр сарын 8-нд хүлээн авчээ. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн 12.1-2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, мөн хуулийн 11.7 -2 дахь хэсгийн 2.1 болон 23.1 -1 дэх хэсэг, 11.6-2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөжээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өмнө нь нэг удаа хойшилж, өнөөдөр хэлэлцэхээр тов зарлаад байсан юм. Гэвч шүүх хурлыг дахиад л хойшлууллаа. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат нь Монгол улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч н.Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус ирүүлсэн гэнэ. Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 - 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын 9-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.