Самар, мөөг, зэрлэг жимс, даршилсан, хатаасан, хөлдөөсөн нарийн ногоо болон төмс, манжин, байцай, лууван, цагаан идээ зэрэг 2000 орчим төрлийн бүтээгдэхүүн борлуулж буй “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл-2022” өдөрлөг, худалдааг өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлүүллээ. 17 дахь удаагаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 400 орчим тариаланч, аж ахуйн нэгж оролцож байна. Энэ удаагийн өдөрлөгөөр борлуулж буй бүтээгдэхүүний нэр, төрөл өнгөрсөн жилүүдийнхээсолширсон нь анзаарагдав. Ялангуяа нөөшилж, хатааж, хөлдөөсөн ногоо, зөгийн бал гэхэд маш олон янз байна. Тухайлбал, зөвхөн Ховдод тарьдаг гэж болох бэсрэг алимаар чанамал, нухаш хийн борлуулж буй нь содон бүтээгдэхүүн болжээ. Тус аймгийн Буянт сумд 3.5 га газарт төмс, хүнсний ногоо, 1200 ам метр хүлэмжид жимс, жимсгэнэ тарьж буй залуу гэр бүлийн эзэгтэй Б.Энхзаяа “Гэр бүлийн хүний хамт газар тариалангийн салбарт ажиллаад зургаан жил боллоо. Бид нутгийнхаа үржил шимт хөрсөнд тарьж ургуулах таримлын нэр, төрлийг олшруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бэлтгэх зорилготой. Үүний хүрээнд “Бүжин” брэнд бий болгон, даршилсан 4-5 төрлийн ногоо, бэсрэг алимны нухашны зэрэгцээ чанамал хийсэн нь анхдагч болсон. Бид нөөшилсөн бүтээгдэхүүн бэлтгэхдээ будагч бодис, химийн гаралтай хугацаа уртасгагч зэргийг ашигладаггүй. Цаашид илүү олон төрлийн нөөш, чанамал хийн, үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилготой” гэж ярив.
Дээрх өдөрлөгт борлуулж буй бүтээгдэхүүний сав, баглаа боодол өнгөлөг, савлагаа нь төрөл бүрийн сонголттой байгаа нь олзуурхууштай. Тодруулбал, зөгийн балыг гэхэд таван өөр хэмжээгээр савласан бөгөөд нэг кг нь дунджаар 30 000 орчим төгрөгийн үнэтэй аж. Түүнчлэн зэрлэг мөөг, монгол саримс, нэрс зэргийн үнэ кг нь 20 000 төгрөгөөс давжээ. Бүтээгдэхүүний үнийн тухайд Хан-Уул дүүүргийн иргэн К.Алдар “Өдийд төмс, хүнсний ногооны үнэ хамгийн хямд байдаг шүү дээ. Гэтэл энд борлуулж буй ногооны үнэ өндөр байна. Төмс гэхэд кг нь багадаа 1000, байцай, лууван, манжин зэрэг нь багадаа 2000 төгрөг, нарийн ногоо болон зөгийн балных бүр өндөр байна. Ерөнхийдөө өнгөрсөн жилийнхээс бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ нэлээд өсжээ” гэв.
“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2022” өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн болон Азийн хөгжлийн банкхамтран тус өдөрлөгөөс гадна нийслэлийн хэмжээнд 350 цэг, дэлгүүрээс иргэд шинэ ургацын ногоо худалдан авах боломж бүрдүүлсэн гэнэ. Түүнчлэн дээрх арга хэмжээний үеэр арьс, шир, ноолууран бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний мод, төмөр эдлэл борлуулж, урлагийн тоглолт, хоол, хүнсний амталгаат худалдаа ч зохион байгуулж буй юм.