
Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн онд сургуулийн орчинд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. Гэсэн ч уг жагсаалтыг төдийлөн мөрдөхгүй байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтын дүн нотлов. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 21 аймаг, есөн дүүрэгт буюу улсын хэмжээнд сургуулийн ойр орчимд борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгажээ. Жижиглэн худалдааны 904 газрыг үүнд хамруулсан аж. Шалгалтын явцад нийт 1442 зөрчил илрүүлэн, 69.6 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Харин 65 газрын үйл ажиллагааг зогсоожээ. Мөн чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 111, хэрэглэх хугацаа хэтэрсэн 201 нэр, төрлийн хүнсийг устгахаар шийдвэрлэсэн аж. Шалгалтын үр дүнтэй холбоотойгоор өдгөө 21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд, ойр орчимд нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд дээр дурдсан жагсаалтыг түгээн, таниулах арга хэмжээ авч буй гэнэ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан жагсаалтад бүх төрлийн хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон, транс тосны агууламжтай бүтээгдэхүүн зэрэг 11 нэр, төрлийн хүнсийг багтаасан байдаг.
Бэлтгэсэн М.Оч