10 саяар тоологдох хог дээр хаягддаг малын арьсыг боловсруулах хүчин чадалтай “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн ажлыг яг ийм гажуудсан байдлаар зогсоочихоод байгаа. Тус төслийг хэрэгжүүлж буй компанийн зүгээс хэд хоногийн өмнө ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн. Тэгвэл уг асуудлаар ДАШЦ компани Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авч, хэрэг үүсгэжээ.
Уг нэхэмжлэлд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн болон шугам сүлжээ болон барилгын ажлууд Хөгжлийн банкны зээл болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явсан ч ХХААХҮЯ болон холбогдох албан тушаалтнуудын хүнд суртлаас үүдэн гацаж, их хэмжээний хохирол учирсан. Цаашлаад Засгийн газрын тогтоолыг ноцтой зөрчиж, хэрэгжүүлээгүйгээс дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил 2021 оноос зогсонги байдалд орж, төсөлд зарцуулсан Хөгжлийн банкны зээл болон туслан гүйцэтгэгч хувийн аж ахуй нэгжүүдийн 40 гаруй тэрбум төгрөг ямар ч эдийн засгийн эргэлтэнд орох боломжгүйгээр царцаасан. Үүнтэй зэрэгцэн уг төсөлд зарцуулахаар Хөгжлийн банкнаас зээлсэн зээлийн хүү өдөр, өдрөөр явж хүнд байдалд оруулсан” тухай дурджээ.