Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан нийслэлийн нийтийн тээвэрт тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Юуны өмнө шинээр авах 600 автобусны тендертэй холбоотой мэдээллийг тэрбээр танилцуулсан юм. “Улаанбаатар хотод автобус худалдан авах тендертэй холбоотой гомдол, санал энэ долоо хоногт гарахгүй бол баталгаажна. Ингэснээр энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлэх боломжтой” гэж “түгжрэл”-ийн сайд онцлов.
Түүнчлэн Улаанбаатарын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд ойрын хугацаанд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг зохицуулах зэрэг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Үүний хүрээнд иргэн автобусанд картаа нэг удаа уншуулснаар тухайн өдрийн турш үнэгүй зорчих боломж бүрдүүлнэ гэлээ. Мөн автобусны буудлуудад хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчид зогсож, хөдөлгөөнд саад учруулан, замын түгжрэл үүсгэдэг байдлыг бүрэн таслан зогсоохоо онцлов. Мөн автобусны хүртээмжийг сайжруулахын тулд давхардсан чиглэлүүдийг цэгцлэх гэнэ.
Нийтийн тээвэрт шинэ хэмээн оруулж ирсэн хуучин ногоон автобуснуудыг буцаах боломжгүй тул цаашид нийслэл хүлээн авч магадгүй гэж “түгжрэл”-ийн сайд хэлсэн нь анхаарал татсан юм. Б.Дэлгэрсайхан “Хууль, шүүхийн байгууллага асуудлыг эцэслэн шийдээд, хуучин автобусны ханшаар үнэлбэл нийслэл буцаан авч магадгүй. Гэхдээ цаашид яаж шийдэхийг одоо ярих боломжгүй. Шүүх шийдээгүй байхад бид хөндлөнгөөс ногоон автобусыг гаргана, авна гэж байхгүй. Нэгэнт оруулж ирсэн 100 ногоон автобусыг буцаах бараг боломжгүй гэж ойлгосон. Үйлдвэрлэгч компани буцааж авахгүй нь ойлгомжтой. Мөн эдгээрийг буцааж гаргахад ямар их хэмжээний зардал гарах вэ. Вагонд ачаад, аль хүртэл тээвэрлэх вэ зэрэг нь маш тодорхойгүй” гэсэн юм.
Бэлтгэсэн: М.Оч