Зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, ханган нийлүүлэх салбарынхныг нэг дор цуглуулдаг “HoReCa Mongolia” чуулга уулзалт ирэх сарын 5-нд болох тов гарчээ. Зургаа дахь удаагийн чуулганыг “Монголд зочлох жил” санаачилгыг дэмжин, “Жуулчдаа дайлах монгол зоог” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон аж. Манай улс энэ онд “Go Mongolia” уриан дор олон улсад аялал жуулчлалаа сурталчилж, “Mongolia-Always moving” кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор уг чуулганы үеэр хөндөх гол сэдвүүдийн тэргүүнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, төрөл, өрсөлдөөн, тэр дундаа, хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн асуудлыг эрэмбэлжээ.
Энэ өдрийн чуулганыг “Монголын уламжлалт зоог ба аялал жуулчлал”, “Монгол уламжлалт зоог, ундаа ба орчин үе”, “Монгол уламжлалт зоог, ундааг таниулах нөлөөлөл” гэсэн сэдвийн хүрээнд явуулах бөгөөд алдартай тогоочид, хоол үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчид, судлаач, мэргэжилтнүүд зочноор оролцох нь. Чуулганы үеэр ярьсан зүйлс, дэвшүүлсэн асуудлууд, санал нэгдсэн шийдлүүдэд тулгуурлан зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөжээ.