Хөтөч болон нэмэлт хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилд гарахаар зорьсон уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг өчигдрөөс эрэн хайж эхэлжээ. Тэд 8000 метрийн өндөрт гарсан ч энэ сарын 12-ноос сураггүй болсон байна. Дэлхийн дээвэр гэдэг Эверестийн ноён оргил нь далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт оршдог билээ.
Тэд авиралтаа өнгөрсөн сарын 5-наас эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байжээ. “Манай багийн зорилго бол нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүй, хөтөч болон шерпагийн тусламжгүйгээр оргилд гарах юм. Бид үндсэн гурван отгоос дээш бүх ачаагаа өөрсдөө үүрэн явна. Отгоо ч өөрсдөө барина. Одоогоор 6664 уулчин Эверестийн оргилд хүрээд байна. Тэдний 3.4 хувь буюу 221 орчим нь нэмэлт хүчилтөрөгчгүйгээр оргилд гарсан гэх судалгаа бий” хэмээн өмнө нь тэд цахим сүлжээнд хуваалцаж байсан юм. Мөн авирах явцдаа баримтат кино хийхээр төлөвлөсөн гэнэ. Манай уулчдын баг гурван хүний бүрэлдэхүүнтэй явсан ч Д.Отгонхүүгийн бие муудсаны улмаас замын дундаас буцаж, үндсэн кэмпэд ирсэн юм байна.
Бэлтгэсэн: А.Үүлэн