Нийслэлийн долоон дүүрэг, 15 аймгийн 33 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нийслэл болон орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж 18 иргэний амийг аварчээ. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас найман иргэн нас барсны нэг нь хүүхэд байсан аж. Нийт дуудлагын 52 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослынх аж. Мөн үер, салхи, шуургатай холбоотой гурав, газар хөдөлсөн нэг дуудлага бүртгэгдсэн байна.
Түүнчлэн өнөөдөр болон маргааш баруун, төв, зүүн аймгийн нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох урьдчилсан төлөв гарчээ. Дуу цахилгаантай аадар бороо энэ сарын 13, 14-нд нутгийн зүүн хагаст үргэлжлэн орох гэнэ. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метрт хүрэх аж. Зарим газраар салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байгаа тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.