Өнгөрсөн сард агаарын дундаж температур өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 2.4 градусаар дулаан байжээ. Мөн олон жилийн дунджаас 1.35 хэмээр дулаан болсныг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Энэ утгаараа 1940 оноос хойших 25 дахь дулаан сар хэмээн цаг уурчид онцолж буй юм. Тухайн сард Монгол орны нийт нутгийн 23.3 нь дунджаас 1-7 хэмээр хүйтэн байж. 41.1 хувьд нь 1-5.3 градусаар дулаан байсан гэнэ. 35.7 хувьд нь агаарын дундаж температур дунджийн орчим байсан аж. Агаарын дундаж температурын хувьд Монгол орны зүүн хэсэгт дулаан, баруун бүсэд хүйтэн байв.
Ташрамд дурдахад, 2024 онд дэлхийн агаарын температур жилийн дундаж утгаараа анх удаа 1.5 хэмийг давсан болохыг холбогдох байгууллагууд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн дулаарал улам бүр эрчимжиж, байгаль орчинд томоохон сорилтууд тулгарч байгааг харуулж байгаа гэнэ.
А.Тэлмэн