Манай улс 2023 онд мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлаж, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг түүний нэрэмжит өдөр болгож тэмдэглэх шийдвэр гаргасан билээ. Энэ сарын сүүлчээр тохиох мазаалайн “төрсөн өдөр”-ийг тохиолдуулан “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, “Говийн гайхамшигт амьтад” НҮТББ-аас ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд постер болон контентын “Мазаалай баавгай-бидний бахархал” цахим уралдаан зарлажээ.
Уралдааны гол зорилго нь мазаалайг сурталчлан таниулах аж. Тиймээс оролцогчдын бүтээл олон нийтэд эл амьтны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл өгсөн, амьдрах орчинд нь тулгамдсан асуудлыг хөндсөн, байгаль хамгааллын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй байх ёстой гэнэ. Уралдааны бүтээлийг энэ сарын 16 хүртэл “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн фэйсбүүк хаягаар хүлээн авч, нийгмийн сүлжээнд байршуулан, иргэдийн санал, хандалтаар шилдэг 10-ыг шалгаруулах нь.
Н.Мишээл