Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр хэлэлцүүлгийг нээж “Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн болон хүний хөгжлийн, эдийн засгийн, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого хэрэгжүүлнэ гэж заасан. Эдгээр бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал, эрчим хүчний салбарт шинэчлэл эхлүүлэх, үүний хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мөн аж үйлдвэржилт, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10, засаглалын үзүүлэлтийн дунджийг мөн 10 байраар ахиулах зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн ядуурлыг хоёр дахин бууруулах, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх зэрэг томоохон зорилтыг хангахад төрийн бодлогоо чиглүүлж байгаа” гэсэн юм.
Засгийн эдгээр бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулж, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, түүнд хяналт тавих үүргийг Хяналт, үнэлгээний болон Хяналт хэрэгжүүлэх газрынхан хүлээдэг билээ. Төрийн байгууллагуудын эрсдэлийг урьдчилан тооцоолж, үнэлэх нь хариу арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чухал гэдгийг дээрх хэлэлцүүлгээр онцолсон.
Тиймээс томоохон шийдвэр гаргахад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, учирч болзошгүй саадыг илрүүлэн, түүнээс урьдчилан сэргийлэх стратегийг төлөвлөх нь чухал болоод байгааг оролцогчид хэлсэн юм. Үүний тулд Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчныг нь сайжруулах, засаглал, соёлыг төлөвшүүлж, тогтолцоог нь бэхжүүлэх шаардлага үүсжээ.
М.Гэгээ