Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын санд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит уншлагын танхимыг өнгөрсөн баасан гарагт нээлээ. Анхны Ерөнхийлөгч хэмээх тодотголоос гадна Төрийн соёрхолт, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт бөгөөд Дэлхийн уул, уурхайн академийн тэргүүлэгч гишүүн, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, академич П.Очирбат агсны гэргий, тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсөд, ШУТИС-ийн захирал Т.Намнан, Геологи, уул уурхайн сургуулийн захирал доктор К.Хавалболот, номын сангийн захирал Т.Энхцацрал болон сургуулийн бусад удирдлага, эрдэмтэн профессорууд, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Монгол Улсын ГХЯ-ны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Гомбосүрэн зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирж, дурсамжаа хуваалцжээ. Геологи, уул уурхайн мэргэжлийн болон Монгол Улсын түүх, нийгэм, улс төр, хууль, эрх зүй, эдийн засаг, эрчим хүч зэрэг шинжлэх ухааны бусад салбарын 1200 гаруй сургалт, судалгааны ном, товхимол, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний 170 гаруй сэтгүүлийг тус номын санд хандивласан байна.
Ч.Болор