Элсэлтийн шалгалт энэ сарын 18-21-нд болж өндөрлөлөө. Энэ жилийн элсэлтийн шалгалт тойрсон элдэв хардлага, шүүмжлэл нийгмийн сүлжээнд цөөнгүй тархсан. Тодруулбал, “шалгалтын материал хэт хүнд байсан”, “нээлттэй тавьсан бодлогоос огт оруулсангүй”, “сурах бичгийн агуулгаас зөрсөн”, “шалгуулагчдад өгсөн харандаа нь чанар муутай байсан”, “машин нь алдаатай уншлаа” гэх зэрэг олон шүүмжлэл гарсан. Эл асуудалтай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн холбогдох мэргэжилтнүүд өчигдөр мэдээлэл хийв.
БҮТ-ийн даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц “Энэ бол өрсөлдөөнт шалгалт. Төгсөгчдийг юу сурсан, ямар мэдлэг эзэмшсэнийг үүгээр шалгаж, дүнгээр нь эрэмбэлэн жагсаадаг. Шалгалтын материалыг сургалтын үндсэн хөтөлбөрийн сэдэв, агуулгын хүрээнд боловсруулдаг. Тус хөтөлбөрийн агуулгад суралцахуйн зорилтууд гэж бий. Тухайн зорилтууддаа хүрсэн, эсэхийг яаж үнэлж, хэрхэн хэмжих вэ гэдэг нь элсэлтийн шалгалтын агуулгад төвлөрдөг. Бид энэ жилээс нээлттэй даалгаврын санг бий болгосон. “Ийм материал ирж болзошгүй” гэсэн жишиг даалгаврыг уг санд байршуулсан. Үүнд тулгуурлан өгөгдөл солих байдлаар шалгалтын материалаа боловсруулсан юм. Өнөө жил математикийн хичээлийн жишиг болох 1000 бодлогыг нээлттэй байршуулсан. Үүнээс 40-ийг нь шалгалтын дөрвөн хувилбарт оруулсан байна. Цаашдаа ч нээлттэй даалгаврын санг ажиллуулна. Энэ жилийн элсэлтийн шалгалтад долоон хүүхэд гар утастай орсноор оноогоо тэглүүлсэн. Физикийн шалгалтын асуултад нэг үсэг гээж бичсэнээс буруу хариулсан тохиолдол гарлаа. Үүнийг засах үүднээс тухайн асуултын оноог бүх хүүхдэд нөхөн олгосон. Элсэлтийн шалгалт нь энгийнээс эхлээд хамгийн хүнд түвшний даалгавраар сурагчдыг сорьж, чадвар чансаагаа харуулах боломжийг олгодог.
Шалгалтын сэдэв, агуулга үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөнөөс зөрсөн, хүндэдсэн зүйл байхгүй. Ийм асуудал байвал өргөдөл, гомдол гаргах боломжтой” гэв. Харин БҮТ-ийн захирал Г.Гантуяа “Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт үйл явцын дагуу тогтсон аргачлалаар явуулж байгаа. Шалгалтын даалгавар боловсруулдаг хүмүүс интернэт, гар утас, цахим төхөөрөмжгүй, сүлжээгүй орчинд тагнуул, цагдаагийн байгууллагын хяналт, хамгаалалтад ажилладаг. Тиймээс даалгавар задрах ямар ч боломжгүй. Энэ жил улсын хэмжээнд 172 хүүхэд 800 оноо авлаа. Үүнээс математик, нийгэм судлалын хичээлээр хамгийн олон буюу 35-39 хүүхэд, түүхийн хичээлээр нэг шалгуулагч дээд оноо авсан. Математикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүдийн 48 хувь нь босго оноондоо хүрээгүй гэсэн үзүүлэлт гарсан. Өмнөх онд босго оноогоо даваагүй сурагчид 46 хувьтай байсан ба энэ нь жил бүрийн дундажтай ижил түвшний үзүүлэлт” гэв.
Ц.Цэнд