Төрөөс тавьж буй өндөр босго, алдаатай тооцоолол, дарга нарын компанийг “ивээх” бодлогоос болж тендерт оролцдог, шалгардаг дотоодын аж ахуйн нэгж олдохоо байлаа. Сүржигнэж, муу амлаж байгаа юм биш, бодит байдал ийм л болчихлоо. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын тендер зарлахаар оролцох аж ахуйн нэгж олдохгүй байна, үүнээс болж төрийн ажил цалгардлаа гэх ялархал, гомдлын шинжтэй үгсийг албаны хүмүүс сүүлийн үед байнга хэлэх болсон. Үүнийхээ бурууг аж ахуйн нэгжүүд рүү чихэж “шаардлага, шалгуур хангах материал ирүүлсэнгүй”, “санхүүжилт нь бага гээд сонирхохгүй байна”, “энэ чиглэлийн туршлагатай компани алга” гэх нийтлэг зовлон тоочдог.
Г этэл бодит байдалд тендер шалгаруулалтын хамгийн том “но”, гол асуудал нь аж ахуйн нэгжүүдэд биш, үүнийг зохион байгуулдаг байгууллагуудад буюу төрд байна. Тэд өөрсдийн бүтээсэн хүнд сурталтай, дарга нарын “халаасны” компанид давуу эрх олгох бодлоготой “вакум” орчинд тендер зарлаж, дотоодын аж ахуйн нэгжүүд өрсөлдөх, ялах нь байтугай техникийн тодорхойлолт, баталгааг нь хангаж чадахгүй өндөр босго тавьж, шахаж хавчсаар. Эцэстээ төрөөс зарлаж буй тендерт итгэх иргэдийн итгэл үнэмшил, үндэсний компаниудын идэвх, оролцоо ч үлэмж буурч, “угаасаа л эзэнтэй, захиалагчтай байдаг”, “хэзээнээсээ л шударга бусаар, хулгайн замаар шалгаруулж ирсэн” гэх байдлаар ханддаг боллоо.
Аливаа тендерийн шалгаруулалтыг захиалагч (төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд)-ийн хүсэлтэд үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газрын tender.gov.mn цахим системээр зарладаг. Өнгөрсөн онд яг үүний дагуу 17 7 18 ажил, үйлчилгээний тендер зарлажээ. Гэтэл дахин зарласан тендерийнх нь тоо үүнээс 13 444-өөр олон буюу 31 162-т хүрчээ. Зарим тендерийн гүйцэтгэгч буюу бараа, үйлчилгээ нийлүүлэгч тодроогүй, албаны хүмүүсийн хэлдэгчлэн шаардлага, шалгуурт нь нийцэх аж ахуйн нэгж “гарч ирээгүй” тул хоёр болон түүнээс дээш удаа шалгаруулалт зарласан аж. Үндсэндээ тухайн онд зарласан нийт тендерийн 75.8 хувийг нь “дахисан” гэсэн үг. Тендерийн тоо 2020 оныхоос 31 (4192) хувиар, 2022 оныхоос 40.8 (5142) хувиар, өмнөх жилийнхээсээ 29.8 (4071) хувиар өссөнийг дагаад дахин зарласных нь ч тоо эрс нэмэгджээ. Эндээс 2020-2024 онд жил тутам зарласан нийт тендерийн 53.9-82.8 хувь нь амжилтгүй болсон буюу дахин шалгаруулалт хийсэн гэж дүгнэж болохоор байна. Энэ нь тендерийн асуудалд хууль, эрх зүйн хүрээнд, хяналт, ил тод байдлын шатанд анхаарах цаг болсны илрэл хэмээн мэргэжлийн судлаачид үзэж байна.
Сангийн яамныхан өнгөрсөн оны тендер шалгаруулалтын байдалд дүн шинжилгээ хийгээд дахин зарлаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж “оношилжээ”. Энэ талаарх дүгнэлтдээ “Захиалагч шалгаруулалтын баримт бичигт хэт өндөр шалгуур заах, алдаатай, буруу боловсруулах, үнэлгээг нь дутуу хийх зэргээс шалтгаа лан тендер амжилтгүй болж байна. Мөн төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг бодитой тооцоогүйгээс болж оролцогч орж ирэхгүй, санал бүртгүүлэхгүй байх тохиолдол түгээмэл үүсдэг” хэмээн бичиж. Үндсэндээ төрийн байгууллагын алдаа дутагдал тендер дахин зарлах шалтгаан болдог гэсэн үг. Энд захиалагч буюу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг гол буруутнаар нэр цохсон байгаа ч төсвийн бодлого, төрийн худалдан авах ажиллагаа хариуцсан, үүнд хяналт тавих, нэгдсэн бодлого, удирдлагаар хангах чиг үүрэгтэй шат шатны байгууллагуудын алдаа буйг тодотгох нь зүйтэй. Сангийн яамныхан энэ дүн шинжилгээндээ тулгуурлан холбогдох байгууллагуудад зөвлөмж, дүгнэлт хүргүүлсэн гэх ч “санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангах”, “худалдан авах ажиллагааны бодлого, удирдлага, хяналт, зохицуулалтыг сайжруулах” тэргүүлэх чиглэл баримталдгийн хувьд өөрсдөө ч ажлаа хийх хэрэгтэй.
Төрөөс зарлаж буй тендерийн шалгаруулалтад ямар нийтлэг алдаа дутагдал, бэрхшээл байна вэ. Төсвөөс санхүүжилттэй дэд бүтэц бүтээн байгуулалтын төслүүдэд хяналт тавьж ажилладаг “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын дэд захирал З.Энхбаяр “Тендерийн шалгуураа илүү бодитой болгож, шалгаруулалтын үйл явцыг ил тод, ойлгомжтой зохион байгуулдаг тогтолцоонд шилжих шаардлагатай. Хэн хүссэн нь хангаж чадахааргүй техникийн өндөр шаардлага тавиад гадаадын компаниудыг “гаргаж ирдэг”, үгүй бол хэн нэгэн албан тушаалтны хаялгаар шууд гэрээ байгуулж ажил даалгадаг байдлыг нэн түрүүнд халах ёстой” гэсэн юм.
Харин олон улсын байгууллагуудад төсөл, хөтөлбөрийн зөвлөхөөр ажилладаг, инженер С.Энхтамир “Төрөөс зарласан тендерүүд эзэнгүйдэх болсон нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, гүйцэтгэгч буюу эзэн нь урьдчилан тодорсон төсөл, арга хэмжээний бүрдүүлэх бичиг баримт, баталгааны мөнгөн дүнг хэргээр өндөр тогтоож тендерийг нь зарладаг. Дотоодын жижиг, дунд компаниуд өнөөхөөс нь сүрдээд оролцож чаддаггүй, материал, үнийн саналаа ч илгээдэггүй. Тэгээд төрийн байгууллагынхан “Компани олдсонгүй, аж ахуйн нэгжүүд оролцсонгүй” гэж байгаад жинхэнэ захиалагчдаа ажлыг нь өгчихнө. Компаниуд оролцохгүй, гүйцэтгэгч олдохгүй байж байгаад арай ядан нэг газар гарч ирлээ гэхээр хүмүүс “овоо доо” гэсэн байдлаар хүлээж авдаг, хардаж сэрдэх нь ч харьцангуй бага. Ихэвчлэн өндөр төсөвтэй, дэд бүтцийн томоохон төслүүдийг “акулууд” ийм байдлаар төрийн байгууллагынхны оролцоотой авдаг. Хоёрдугаарт, тухайн ажлын төсөвт өртгийг зах зээлийн ханшаас доогуур тогтоож, “оролцвол оролц, боливол боль” гэх маягаар ханддаг. Жишээ нь, Монголд байгаль, цаг агаарын эрс тэс нөхцөл, барилгын материалын хангамж, ханш зэргээс шалтгаалан дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын зардал харьцангуй өндөр. Үйлдвэрлэгч орнуудад нэг км авто замыг дунджаар 400500 мянган төгрөгөөр тавьдаг гэж тооцоход Монголд 800 мянгаас нэг сая төгрөг байдаг ч юм уу. Гэтэл төр тендер зарлахдаа нэг км авто замыг 700 мянган төгрөгөөр тооцоод, нийт төсөвт өртгөө тогтоочихдог. Ийм жишээ маш их. Тэнэг л биш бол, алдагдал хүлээхийг хүсэхгүй л бол компаниуд ийм тендерт оролцохгүй нь тодорхой. Энэ төрлийн тендер нь голдуу дотоодын компаниудад зориулсан буюу бага төсөвтэй, өндөр технологи, техник хэрэгсэл шаардахгүй ажлуудынх байдаг” гэлээ.
Дээрх судлаачдын ярьсан зүйлс амьдрал дээрх жишээ, баримтуудтай яг цав нийцэж байна. Манай улсад хэрэгжүүлж буй зам, дэд бүтцийн өндөр дүнтэй төслүүдийг гадаадын компаниуд түүдэг болоод удлаа. Зарим компанийнх нь нэр ч “дархлагдсан”. Харин одоо барилга, орон сууц барих томоохон ажлуудыг гадаадын компаниуд гаргаахаа болив. Хамгийн сүүлийн жишээ нь “Сэлбэ” дэд төвийн ажил буюу 820 тэрбум төгрөгийн төсөвтэй, 10 мянган айлын 113 блок орон сууц барих хоёр багц тендер. Үүнд дан хятад компаниуд оролцсон, Монголынх нэгдэж нийлээд ч 1.8 тэрбум төгрө¬гийн баталгааг дансанд байршуулж, бусад шалгуурыг нь хангаж чадаагүйгээ хэлсэн. Гэтэл Өвөр гүнтийн чиглэлийн авто замыг шинэчлэх ажлын тендерийг нийслэлийн Замын хөгжлийн газраас гурван удаа зарлаад ч гүйцэтгэгчийг нь олж чадааагүй гэх. Орон нутаг дахь нисэх буудлуудыг өргөтгөн шинэчилж, хөөрөх, буух зурвасыг нь засах ажил удааширсан, саатсан шалтгааныг ч Бүсчилсэн хөгжлийн хүрээлэнгийнхэн үүнтэй холбож тайлбарласан. Говийн бүсийнхний толгойн өвчин болсон Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замыг засаж шинэчлэх ажлын тендерийг мөн гурав дахиа зарласныг салбарын яамнаас нь мэдээлсэн. Байгалийн түүхийн музейн барилгыг Богдхан уулын Их тэнгэрийн аманд барих тендерийг найман удаа зарласны эцэст уржнан нэг компани “олсон”-оо Соёлын яамнаас мэдээлж байв. Энэ мэтчилэн дурдвал “эзэн холбогдогч” нь тодроогүй, хуулийн хугацаандаа ажил нь эхлээгүй төсөл, хөтөлбөр манай улсад цөөнгүй.
2025 оны эхний хагаст хэрэгжүүлж эхлэх товтой байсан ч гэрээг нь байгуулаагүй төсөл, хөтөлбөрийн санхүүжилт болох 535.9 тэрбум төгрөгийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд улсын төсөвт эргэн төвлөрүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй. Угтаа эдгээр нь тендерийн шатандаа гацсан ажлуудын төсөв гэсэн үг. Шалтгаан нь дээр дурдсанчлан төрийн байгууллагаас тавьж буй хэт өндөр босго, зах зээлтэй уялдаагүй төсөвт өртөг, дарга нарын “халаасны”, гадаадын томоохон компаниудыг харж үздэг хандлага.
Уг нь “Тендерийн” тухай хуульд “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, давуу эрх тооцох” гэ¬сэн бүлэг байдаг юм билээ. Гэтэл нидэр дээрээ Монголын төр дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих бус, зах зээлээс шахах бодлого баримталж байна. Өдгөө нийслэлд хэрэгжүүлж эхэлсэн томоохон төслүүдийн нэг болох “Сэлбэ” дэд төвийн ажилтай холбоотой нийт худалдан авалтын гэхэд ердөө 20 орчим хувийг үндэсний компаниудаас хийхээр төлөвлөжээ. Ийм байхад зах зээлээ хамгаалах, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих талаар хэчнээн хашхираад ч нэмэргүй.
Н.Мишээл