Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Эл аяныг энэ сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 7-ныг дуустал нэг сарын хугацаатай эхлүүлж буйгаа өчигдөр мэдээлэв. Аяныг анх гэрэл дохиогүй явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор санаачилжээ. Гэвч шар дарцгуудыг авч явах, алга болох тохиолдол их байсан тул энэ жилээс сургууль орчмын бүсэд “School police” хийж буй эцэг, эхчүүд ашиглах болж. Өөрөөр хэлбэл, тэд замын гол хүртэл явган зорчигчтой хамт явж, хөдөлгөөн бүрэн зогсох хүртэл шар дарцаг өргөх гэнэ. Мөн аж ахуйн нэгжийнхэн байгууллагынхаа логог дарцган дээр хэвлэн, ойр орчмын гэрэл дохиогүй гарцанд ашиглах боломжтой. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Шөнийн цагаар жолооч нарт явган зорчигч харагдахгүй, гэрлийн гялбаанд орсны улмаас осол гарах тохиолдол бий. Улсын хэмжээнд гарч буй ослын 60-70 хувь нь нийслэлд бүртгэгддэг. Хүүхэд гарц, гарамтай хэсгээр гарч байхад нь жолооч мөргөж, гэмтээх тохиолдол цөөнгүй. Шар дарцгийн цацруулагч нь жолоочид 150-200 метрийн цаанаас тодорч харагддаг” гэв.
Тээврийн прокурорын газраас гаргасан мэдээллээр нийслэлд энэ сарын 1-ний байдлаар 606 хүүхэд зам, тээврийн осолд өртсөн байна. Үүнээс Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн их бүртгэгджээ. Хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан 140 хэрэгт Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 71 хэргийг шүүхээр шийдвэрлүүлэн буруутай этгээдэд ял оногдуулсан байна. Ташрамд, дээрх аянд идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон нийслэлийн ЗДТГ-аас урамшуулах аж.
Ч.Болор