УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалсан юм. Эхний өдөр сонсгол товлосон цагаасаа нэлээд хоцорсон бол энэ удаа мөн хугацаанаасаа оройтож эхэллээ. “Cонсголд нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар болон бусад дарга нь яагаад ирэхгүй байгаа юм гэсэн санал, хүсэлт оролцогчдоос их ирсэн. Хуулиараа бол нийслэлийн одоогийн албан тушаалтнууд нь ирэх үүрэгтэй. Харин тусгай хорооны түр хуралд бол гэрчээр дуудах эрхтэй” хэмээн хурал даргалагч тодотгосон юм.
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-Д ТӨСӨВТ ӨРТГӨӨС ГАДНА 7.8 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН”
“Туулын хурдны зам” төслийн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. “Аудитын дүгнэлтийг урьдчилсан байдлаар танилцуулж байна. “Туулын хурдны зам төсөл”-ийг анх 2013 онд “Гудамж” төслийн хү рээнд төлөвлөсөн. Нийслэлийн ИТХ-ын 2024 оны нийслэлийн төсөв батлах тогтоолд Туулын хурдны замын төсөвт өртөг 916.3 тэрбум, тухайн ондоо 538.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр баталсан байна. Засгийн газрын тогтоолоор Туулын хурдны зам барих чигийг тогтоосон бөгөөд үүнийг одоо хүчин төгөлдөр хэрэгжүүлж байгаа. “Эм Си Пи Жи Ар” компани төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, төсвийг хэсэгчлэн боловсруулсныг Барилгын хөгжлийн төвөөс баталгаажуулжээ. Улмаар 2024 оны Зам, тээвэр хөгжлийн төвөөс нэгдсэн төсөвт өртгийн тооцоог 916.3 тэрбум төгрөгөөр магадлан, тодотгосон. 1.9 их наяд төгрөг байхаар тооцож, тендерийн баримт бичигт тусгасан ч үүнийг магадлалаар баталгаажуулаагүй. Энэ талаар холбогдогч хоёр байгууллагаас аудитын явцад тайлбар ирүү лээгүй. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг хоёр удаа зохион байгуулсан. Эхнийх нь амжилтгүй болсон бөгөөд хоёр дахь сонгон шалгаруулалтаар БНХАУ-ын нэр бүхий аж ахуйн түншлэлтэй оролцогч шалгарч, 2.3 их наядаар гүйцэтгэхээр болжээ. Энэхүү төсөвт өртгийн магадлал үнийн зөрүү, тендерийн хууль тогтоомж, заавар, аргачлалтайгаа нийцэж буй, эсэх эцсийн үр дүнг аудитын тайлангаар бүрэн танилцуулна. Дээрх төсөлд нийслэлийн хөрөнгө оруулалтын төсвөөс 2025 онд 500, 2026 онд 800 тэрбум төгрөг олгохоор төлөвлөснөөс гүйцэтгэгч байгууллагад урьдчилгаа төлбөрт 2025 онд 401 тэрбум, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөг олгожээ. Төслийн төсөвт өртгөөс гадна 7.8 тэрбум төгрөг зарцуулсан байна” гэв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “БОУАӨ-ийн сайдын 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн хурлаар “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагааг түр зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуулахыг төсөл хэрэгжүүлэгчид үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, менежментийн төлөвлөгөө боловсруулаагүй байхад компани үйл ажиллагаа эхлүүлсэн нь хуулийн зөрчил. “Хао юань женерал констракшн” компани нь тухайн жилийн байгаль орчны менемжентийн төлөвлөгөө, Ойн тухай хууль, усыг зөвшөөрөлгүй ашигласан зэрэг зөр чил гаргасан. Зөрчлийн хэрэг нээн, шийтгэлийн арга хэмжээ авсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Худалдан авах ажиллагаанд зургаан чиглэлийн шалгалт хийсэн. “Чайна Хайвэй” групп болон “Тяньжин ӨүБайВэй” ХХК-ийн тендерийг менежер Д.Золбоо цахим тоон гарын үсгээр баталгаажуулж илгээсэн. Д.Золбоо нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болохыг нотолсон. “Тяньжин ӨүБайВэй” компани өөрийн тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй. Оронд нь Серби улсад үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан OBW барилгын ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ирүүлж, хөрөнгө нэмэхээр болсон. “Чайна Хайвэй” групп хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолтыг өөрөө гаргаж ирүүлсэн. “Санхүүжилтийн эх үүсвэрүүдийг бодитой шийдвэрлээгүй нөхцөлд мега төслүүдийг хэрэгжүүлэх нь хугацааг хойшлуулах, төсөвт өртөг хэтрэх, гадаад зээлийн ашиглалт муудах, зээл төлөхөд бэрхшээл үүссэх зэрэг сөрөг нөлөөтэй байна. 2026 онд 16 төслийн төсөвт өртгийн 22.3 хувь (6.4 их наяд төгрөг) зарцуулахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар 0.8 хувийг зарцуулжээ. Төслүүдийг эдийн засгийн шинжилгээнд зөвхөн эерэг нөлөөг анхаарснаас биш, төслөөс үүдэн гарах байгаль орчны гэх мэт сөрөг нөлөөллийг зардал болгон тооцоолоогүй. Өөрөөр хэлбэл, “Туулын хурдны зам” төслийн хэт өөдрөгөөр төсөөлсөн, бодитой бус байна” хэмээн шинжээч В.Данаасү рэн дүгнэлээ.
Танилцуулгын дараа иргэд үг хэлж, санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.
Хот төлөвлөгч Л.Ану-Үжин “Нийслэлд хэрэгжүүлж буй зам, тээвэртэй холбоотой долоон төсөл нь нийт 26.8 их наяд төгрөгийн өртөгтэй байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 32 хувьтай тэнцэж байгаа юм. Үндэслэл, шаардлага бий юү гэдгийг огт тооцоолоогүй төслүүд гэж дүгнэсэн. Метро, тусгай замын автобус, дүүжин тээвэр, “Туулын хурдны зам” зэрэг төслийн ихэнхийнх нь зардлыг нийслэлээс гаргаад эхэлсэн. Эдгээр нь бүгд тус тусдаа ТЭЗҮ, судалгаатай. Өөрөөр хэлбэл, нэг хотод хэрэгжүүлэх төсөл хэрнээ хоорондоо нэгдсэн тооцоолол, төлөвлөлт, судалгаа, уялдаа холбоо алга. Зөвхөн нийслэлийн 1.5 сая хүнд ийм их хэмжээний мөнгө зарцуулах нь ямар эрсдэлтэй вэ. 70 хувийг нь зээл, тусламжаар авахаар төлөвлөсөн ч санхүүжилт олдоогүй. Энэ долоон төсөлд жил бүр 1.4-1.8 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийхээр тооцоо гарч байна. Тээврийн салбарт 5.3 тэрбум төгрөгийн өр үүсэх нь” гэв.
Оролцогч Г.Уянгаа “Иргэн хүний хувьд төрийн эрх мэдэлтэй тулаад юу болсныг товч хэлье. Анх гуравдугаар сард газар дээр нь очоод “Туулын хурдны зам” төслийн ерөнхий гүйцэтгэгч нь “Хао юань женерал констракшн” гэсэн нэрийг олж мэдсэн. Ингээд гуравдугаар сарын 21-нээс эхлэн уг төслийг эсэргүүцэж жагссан. Үүнээс хойш тус компанитай холбоотой 39 дуудлага цагдаад өгсөн. Сербийн Зам, тээврийн яамны албан мэдээлэлтэй тулгаж үзэхэд эдгээр төслийг “Хао юань женерал констракшн” гүйцэтгээгүй өөр компани хийсэн нь нотлогдсон. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай нэгдүгээр тойрог зам болон метро төсөлд өөрийн хувийн компаниа оролцуулсан мэдээллийг нийгэмд тү гээсэн. Түүнийг одоогоор цагдан хориод байна. Жагсаал зохион байгуулсны улмаас хүүхдүүдийг маань сүрдүүлж эхэлсэн. Хотын дарга асан Х.Нямбаатар намайг шүүхэд гурван удаа өгсөн. Энэ мэт мөрдөн шалгах ажиллагааг хувь иргэн биш, цагдаагийн байгууллага, АТГ хийх ёстой биз дээ” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сонсголд 27 оролцогч үг хэлсний дараа УИХын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
Д.ҮҮРИЙНТУЯА (УИХ-ын гишүүн): -Энэ олон төслийн учир олдохоо болилоо. Туулын хурдны замын төсөвт өртөг гэхэд юуны улмаас нэмэгдсэн юм. Ялгаатай төсөв ярьж байна, алийг нь баримтлах вэ. Анхнаасаа аудитын газар яагаад анхааруулж, дүгнэлтээ гаргаагүй юм. Энэ бүхэнд тодорхой хариулт авч чадахгүй байна.
З.ЭНХ-ОРГИЛ (Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер): -“Туулын хурдны зам” төслийн ТЭЗҮ, урьд чилсан зураг, төсөвт магадлалын дүгнэлт гаргасан. 2.3 их наяд гэдэг нь урьдчилсан тооцоолол. Ажлын зураг төслийг нарийвчлан шалгах хэрэгтэй
УИХ-ын гишүүдийг асуулт тавих үед нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва байгаагүй тул холбогдох албаны дарга, мэргэжилтнүүд нь мэдээлэл өгсөн юм.
Б.МӨНХСОЁЛ (УИХ-ын гишүүн): -Гишүүдийн асуултад бүрэн гүйцэд хариулт өгөх хүн энд алга. “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгч компанид олгосон урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг тодруулж асууя. 350 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн тайланг тухайн компаниас ирүүлжээ. Захиалагч буюу манай тал үүнд хэрхэн хяналт тавьсан бэ?
-Б.ОДБАЯР (Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга):
-Гүйцэтгэгч талаас ирүүлсэн бичигт бараа захиалгын байдлаар ашиглана гэснээс хэдэн төгрөг зарцуулсан талаар мэдээлээгүй. Өөрөөр хэлбэл, үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тиймээс зарцуулалтын асуудлаар тодорхой хариулт өгөх боломжгүй.
Д.ЭНХТҮВШИН (УИХ-ын гишүүн): -Нийслэлд явуулж буй төслүүд түгжрэл бууруулах, утааг багасгах гэсэн хоёр асуудалд төвлөрч байна. Түгжрэл гэдэг үзүүлэлт, арга аргачлалаа тодорхой болгож, удирдлагуудын ажлын үр дүнг тооцдог баймаар байна. Түгжрэл гэхээр өөр өөр тодорхойлолт хэлэх юм. Нийслэлийн төслүүдийг эрэмбэлсэн гэлээ. Утаа, түгжрэлийг бууруулах ач холбогдлоор нь яаж эрэмбэлсэн юм бэ?
Б.ОДБАЯР (Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга):
-Улаанбаатар хотын нөхцөлд түгжрэлийг оргил цагийн ачааллын үеэр хэмжихээс өөр аргагүй. Тээврийн хөдөлгөөний дундаж хурд цагт 10.8 км байна. Туулын хурдны замыг барьснаар дундаж хурд 12.3 км цаг буюу 13.5 хувиар нэмэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. Түгжрэл бууруулах ач холбогдлын тухайд “Туулын хурд ны зам” төсөл нэгдүгээрт эрэмбэлэгдсэн.
ДАВ.ЦОГТБААТАР (УИХ-ын гишүүн): -Монголчууд өөрсдөө барилга барьж чадна гээд очихоор заавал хятад компанийг илүүд үздэг. Сэлбэ дэд төвийн барилгын тендер зарлахад ганц нэг ажил нь монгол компанид очсон. Нийслэлийнхэн хятадуудтай нийлээд энэ бүхнийг хийчих юм шиг байна. Дэг сахихгүй бол Төрийн ордон нийслэлийнхний дуртай үедээ орж, гарч, бие засчхаад явдаг газар болчихлоо. Нийслэлийн алдагдал нь долоон их наядад хүрсэн. Үүнийг иргэд төлж чадахгүй. ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн төсөвт хяналт тавих байтал дотоод компанийн ТУЗ-ын гишүүн болоод орж ирдэг. Үүнийг яаж засах юм бэ?
Л.ЭРДЭНЭБАДРАХ (Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга):
-Төсвийн тухай хуулийн 57.3-т “...зарлага нь санхүүжих эх үүсвэрээс хэтрэхгүй байна” гэж заасан. Үүний дагуу төсвөө төлөвлөж байна, нийслэлийн төсвийг нэг ч төгрөгийн алдагдалтай батлаагүй. 2024 онд нийслэлийн төсвийн орлого 3.9 их наяд, зарлага 3.3 их наяд. Гэтэл нийслэлийн он дамжих мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 490.6 тэрбум төгрөг. Бондын 1.5 их наядын үлдэгдлийг оруулаад нийт 2.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түүнээс 6.9 их наядын алдагдал үүссэн юм байхгүй. 2024 оноос нийслэл бонд гаргасан. “Бөөрөлжүүтийн цахилгаан станц” болон бусад төсөлд 600 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Тухайн станц бондын өрөө төлж байгаа.
П.САЙНЗОРИГ (УИХ-ын гишүүн): -“Сэлбэ орон сууцжуулах төсөл” алдагдалтай, зогсоох тухай ярьж байна. Хэрэв зогсоовол хэчнээн хүн ажилгүй болох вэ?
У.БААТАР “Сэлбэ 20 минутын хот” корпорацын гүйцэтгэх захирал: -Сэлбэ дэд бүтцийн төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж өндөр гэж гарсан. Санхүүгийн өгөөжийг төсөл гүйцэтгэж байгаа компаниуд хүртэнэ. 180 орчим тэрбум төгрөгийн өртөг нь барилгын компаниудад үлдэж байгаа. Борлуулалтын орлогыг 2.4, зарлагыг 2.2 их наядаар төлөвлөсөн. Бондын эргэн төлөлтөд ямар нэгэн эрсдэл учруулахгүйгээр ажиллаж байна. Тодруулбал, төслийн борлуулалтын орлогоор бондын өрийг төлөх бүрэн бололцоотой. Дутагдаж байгаа хөрөнгө оруулалтаа ч нөхөж буй учраас эрсдэлгүй. Одоогоор 2000 гаруй хүн ажиллаж байна. Төслийн гүйцэтгэлийн 80-аас дээш хувийг дотоодын компани гүйцэтгэж байгаа.
П.НАРАНБАЯР (УИХ-ын гишүүн): -Нийслэл утаа, түгжрэлийг шийдэх нэрийдлээр хувийн хэвшлийн оролцоог бүгдийг нь халсан. Утааг арилгахдаа хувилбарт түлшийг санал болгохгүйгээр сайжруулсан түлшний тээвэрлэлтэд гэхэд 40 тэрбум төгрөг зарцуулсан. Мега төсөл ярихаар бусдыг нь мартдаг. Хэрэгжүүлээгүй орхисон ажил их байна.
Б.ЖАРГАЛАН (УИХ-ын гишүүн): -Түгжрэл, утаатай тэмцэхийн тулд хэдэн их наядаар нь хөрөнгө зарцуулж, метро, дүүжин тээвэр зэрэг олон төсөл, хөтөлбөрийг зэрэг эхлүүлэх зэргээр бодлогогүй ажлыг нийслэлийн удирдлагууд хийсэн. Ингэж тарамдаж хаяад байгаа учраас иргэд бухимдаж байна. 2.3 их наяд төгрөгөөр 32 км зам барих биш юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Туулын хурдны зам” төслийг зогсооно гэж хэлэхгүй байна. Нийслэлийн удирдлага солигдсон бол бодлогоо бас шинэчилж, манлайлал үзүүлээч.
Ерөнхий хяналтын сонсгол 20.00 цагm дуусав.