УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан аж. Гишүүд Төрийн албаны зөвлөл нэг намын бүтцийн байгууллага шиг ажилласаар ирснийг шүүмжилж, эрх баригч хүчний даргын албан бичгийн дагуу томилгоо хийх ёсгүйг сануулжээ. Мөн нийслэлийн ИТХ-д МАН 40 төлөөлөгчтэй, тэд иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болон ажиллах үүрэгтэй. Гэтэл бүгд орон нутгийн өмчийн компанийн захирлаар ажилладгийг ч хөндсөн байна. Төрийн албаны зөвлөл нь коммунист тогтолцоотой, гадаадад сургууль төгссөн шинэ боловсон хүчин, залуучуудад хаалттай газар болж, төр дэх боловсон хүчний томилгоог хамгийн их будилуулж буй хэмээн шүүмжилсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг судлах, дээрх хуулиудад нэмэлт оруулах зорилгоор АН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг мөн сонссон аж.
С.Уул