Тархины үхэл тодорхойлох багуудын үйл ажиллагааг тогтворжуулах өдөрлөгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас өчигдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулав. Манай улс 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулсан. Энэ хугацаанд тархины үхэлтэй 278 донор илрүүлж, 72 хүний амь аварч, 173 иргэний амьдралын чанарыг сайжруулсан байна. Өнөөдрийн байдлаар элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1000 гаруй иргэн донор хүлээх жагсаалтад байгаа юм. Гэвч энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нэг ч тархины үхэлтэй донор гараагүй, илрүүлэг сайн хийгдэхгүй байгаа аж. Хүлээлгийн жагсаалтад байгаа иргэд өдрөөс өдөрт итгэл алдарч, нас барсан тохиолдол бүртгэгдэж буйг Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас мэдээлэв. Өдөрлөгт улсын лавлагаа шатлалын болон 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцож, амьгүй донор илрүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм.
Ч.Туяа