16 настай охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүйн амийг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хоёр өдөр хэлэлцээд шийтгэх болон цагаатгах тогтоол гаргалаа. Энэ хоёр өдрийн шүүх хурлаар 14 хавтас 3500 гаруй хуудас баримт, түүнд хавсаргасан нотлох баримтыг шүүгдэгч, хохирогч талын өмгөөлөгч нар, прокурорууд шинжлэн судалж мэтгэлцсэн юм. Уг нотлох баримтуудын нэг хэсэг болох 14 минут үргэлжилсэн дуу, дүрсний бичлэгийг сонсгох үеэр 16 настай хохирогч охины ээж цочирдсоноос болж бие муудсан аж. Энэ бүхний эцэст Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир, Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нар зөвлөлдөөд Э.Ган-Эрдэнэ, Э.НоминЭрдэнэ, Х.Энхсайхан нарын үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа.
Ц.Дагвадорж нь 2024 оны зургаадугаар сард насанд хүрээгүй Ч.Ш-г хөнөөн цогцсыг нь чемоданд хийсэн, үүнээс өмнөхөн 32 настай Т.З гэх бүсгүйн амийг бүрэлгэж, ханын шүүгээнд нуусан. Мөн Т.З-ын амийг хохироосны дараа эд зүйлийг нь устгаж гэмтээсэн, фэйсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан. 16 насанд хүрээгүй Т.М-тэй бэлгийн харьцаанд орсон нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон юм. Шүүхээс Ц.Дагвадоржийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг хөнөөсөн, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийлгэхийн тулд хүч хэрэглэхээр заналхийлсэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон, бусдын эд хөрөнгийг устгаж багагүй хэмжээний хохирол учруулсан, кибер орчинд халдаж мэдээллийг ашиглах боломжгүй болгосон гэм буруутайд тооцсон. Улмаар хорих, зорчих эрх хязгаарлах ялуудыг нэмж, хөнгөнийг хүндэд нь багтаан бүх насаар нь хорих ялыг хаалттай дэглэмд тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Түүний учруулсан хохиролд 486 сая гаруй төгрөг гаргуулж, 256 саяыг нь Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяад, 205.7 саяыг Т.З-ын хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяад болон эд хөрөнгөө залилуулсан, устгуулсан хүмүүст тодорхой хэмжээний мөнгө олгуулахаар болсон юм.
Анхан шатны шүүхийн эл шийдвэртэй 16 настай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох ээж Г.Отгонтуяа нь эвлэрэхгүй буйгаа илэрхийлсэн. Мэдээж давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандах эрх нь шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокуроруудад нээлттэй болохыг шүүх тогтоолдоо дурдав. Шүүхийн тогтоол гармагц Ц.Дагвадоржийг үргэлжлүүлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг суллаж, Х.Энхсайханы хилээр гарах эрхийг хязгаарласныг хүчингүй болгохоор болов.
Г.Орчлон