Өсвөр насны охид нэгнээ зодож, хувцсыг нь тайлж, тохуурхаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цахилгаан шат, шатны хонгил зэрэг газарт аваачин биед нь халдсан эл хэрэгт ерөнхий боловсролын 21, 130 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 16-17 насны найман хүүхдийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Уг хэрэг явдал энэ сарын 6-ны баасан гарагт гарсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болжээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас уг хэрэгт Д.С гэх охиныг Эрүүгийн хуулийн 13.5-2.1 дэх хэсгийн бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэн заналхийлсэн хэргийг бүлэглэж үйлдсэн, 13.11-2.1-ийн хүний хувийн нууцыг цахим сүлжээ ашиглан задруулсан гэх заалтын дагуу яллагдагчаар татсан байна. Улмаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Д.С-д таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал прокурорын байгууллагаас хүргүүлснийг өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Г.Орчлон