
Монгол орны нийт нутаг дэвсгэрт зуншлага ямархуу байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр танилцууллаа. Өнөө жил бороо хур элбэгтэй байгаа тул манай орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байгаа аж. Мөн 40 орчим хувьд нь дунд зэрэг, үлдсэн 10 хувьд нь муу гэнэ. Тодруулбал, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Говь-Алтай, Завхан, Дундговь, Өмнөговь, Дорноговийн цөөн сумын нутгаар зуншлага муу байна. Тэгвэл Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөлийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтий, Дорноговийн зарим, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн ганц нэг сумд зуншлага сайн байгааг албаныхан мэдээллээ. Харин бусад нутагт дунд зэрэг гэв.
Сонирхуулахад, Хөнөөлт царцааны нягтаршлын мэдээгээр Дорнодын Хэрлэн, Гурванзагал, Ховдын Чандманьд царцаа хэт олширсон буюу нэг ам метр талбайд 8-12, бусад сумын нутгаар хэвийн тоологдсон байна. Төрлийн хувьд Сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон тархжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монголын банкны салбарын тэсвэрлэх чадварыг сайжруулах нь
Монголбанк болон Олон улсын санхүүгийн корпорац хооронд “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой энэхүү санамж бичигт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, “Дэлхийн банк групп”-ийн манай орныг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зуржээ. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт, шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий байгаа бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэйг тогтоосон аж. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд банкнуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Төвбанкнаас цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн, энэхүү санамж бичгийгхэрэгжүүлэхээр болжээ.
м.гэгээ