
Монголын говь нутгийг Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсний дагуу Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээчид ирэх есдүгээр сард манай улсад ажиллаж, техникийн үнэлгээ хийхээр төлөвлөжээ. Үүнд Говийн их, бага дархан цаазат газрын А, Б хэсэг (Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгийг дамнан оршдог) болон Ээж хайрхны байгалийн дурсгалт (Говь-Алтай аймгийн Цогт, Цээл, Алтай сум), Алаг хайрхны нөөц газар (Говь-Алтай аймгийн Бугат сум) багтаж байгаа юм. Уг газрыг 2014 онд урьдчилсан жагсаалтад оруулсан бөгөөд БНСУын Пусан хотноо энэ сарын 19-29-нд болсон Дэлхийн байгалийн өвийн хорооны 48 дугаар чуул¬ганы үеэр энэ талаар хэлэлцсэнийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-наас мэдээллээ.
Мөн тус чуулганы хүрээнд зохион байгуулсан “Synergies between tangible and intangible heritage” олон улсын хэлэлцүүлэгт Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хаш¬маргад оролцжээ. Тэрбээр Бурхан Хал¬дун уул, түүнийг хүрээлсэн тахилгат нутаг, уул овоо тахих уламжлалт зан үйлийн хамгаалалтын нэгдсэн менежмент болон туршлагаас танилцуулав. Энэхүү илтгэлийг 2025 онд ЮНЕСКО-гийн Бээжин дэх бүсийн төлөөлөгчийн газар болон Зүүн Азийн II зэрэглэлийн төвөөс шал¬гаруулсан олон улсын кэйс судалгаанд үндэслэн боловсруулсан байна. Биет болон биет бус өвийн уялдаа холбоог харуулсан Бурхан Халдуны хамгаалалтын туршлагыг Зүүн хойд Азийн шилдэг жишээгээр үнэлснээс гадна ЮНЕСКО-гийн нэгдсэн менежмен¬тийн арга зүйг боловсруулах суурь загваруудын нэгээр сонгожээ.
У.СҮРЭН