
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь олон улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн санхүүгийн салбартай илүү нягт холбох зорилгоор Британийн Лондон хотноо ирэх есдүгээр сарын 15-нд зохион байгуулах “Монголын хөрөнгө оруулалтын форум”-д стратегийн түншээр хамтран ажиллахаар болжээ. Тус форумыг судалгаа, зөвлөх үйлчилгээний Capital markets Mongolia (CMM) компани зохион байгуулах бөгөөд энэ салбарын тэргүүлэх компаниуд, зохицуулагч байгууллагууд, төр засгийн бодлого боловсруулагчид,олон улсынхөрөнгө оруулагчид нэг дор цуглахаараа онцлогтой. Тухайлбал, Лондонгийн Хөрөнгийн биржээс эхлээд “Franklin Templeton”, “JP Morgan”, “Morgan Stanley”, “StoneX”, EBRD, BNY, UBS, ICBC, STJ Advisors, Symbiotics UK, “Standard Chartered” банк зэрэг санхүүгийн салбарын нэр хүндтэй байгууллагууд, томоохон хөрөнгө оруулагчид оролцохоор бүртгүүлээд байна.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудын нэг болох “Franklin Templeton”-той хамтын ажиллагааг эхлүүлж, төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлэх, засаглалыг нь олон улсын жишигт нийцүүлэн Үндэсний хөрөнгө оруулалтын санд багцлах, дотоодын болон олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэн олон нийтэд санал болгохоор бэлтгэл хангаж буй. Мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК болон Лондонгийн Хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хоёр талын давхар бүртгэлийн боломжийг судлах, үнэт цаасны бүртгэл, компанийн засаглалын чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Түүнчлэн банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд системийн нөлөө бүхий арилжааны банкнууд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах, тэр дундаа давхар бүртгэл хийх бэлтгэл ажлаа хангаж буй энэ үед тус форум нь Монголыг олон улсын хөрөнгө оруулагчдад таниулах, төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал индэр болохыг онцоллоо.
Г.САНСАР