
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гийн Хиймэл оюун, тоон загварчлалын судалгааны хэлтсээс ирэх 9-11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Есдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-8, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар 12-18, бусад нутгаар 8-12 хэмийн дулаан байх бол аравдугаар сард нийт нутгаар -1-8 хэм хүрч хүйтэрнэ. Тэгвэл арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14-20, говийн бүсээр -2-8, бусад нутгаар -8-14 хэмийн хүйтэн байх аж. Мөн уулархаг нутгаар 25-40, говийн аймгуудын нутгаар 1-10, бусад нутгаар 10-25 мм хур тунадас орох төлөвтэй.
Намрын саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, дулаан байх төлөвтэй ч ес, арваннэгдүгээр сард төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас ахиу орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас сэрүүн байх нь. Өөрөөр хэлбэл, эдгээр сард цас эрт орж, цочир хүйтэрч болзошгүйг УЦУОСМХгээс анхааруулж, ард иргэд, малчид, тариаланч, аж ахуйн нэгж, байгууллагуудыг өвлийн бэлтгэлээ одооноос базаахыг зөвлөлөө. Агаарын дундаж температур 9-11 дүгээр сард Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр, Дорноговь, Дорнод, Өмнөговийн зүүн хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.