
Зэсийн үнэ эрчимтэй өсөж байна. Лондоны металлын биржид өнгөрсөн баасан гарагт зэсийн үнэ 0.9 хувиар өсөж, өнгөрсөн тавдугаар сарын дээд түвшнээ давжээ. AI болон дата төвүүдийг хурдтай байгуулж буй нь эрчим хүч, зэсийн хэрэглээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгааг олон улсын хэвлэлүүдэд онцолсон. Түүнчлэн цахилгаан автомашины үйлдвэрлэл, ногоон шилжилт нь зэсийн урт хугацааны эрэлтийг тогтвортой тэтгэж буй аж. Эл металлын үнэ он гарснаас хойш 14 хувиар өссөн юм.
Уг өсөлт цаашид ч тогтвортой үргэлжлэхийг санхүүгийн шинжээчид дурдсан байна. Манай улс 2026 оны эхний долоон сард 1.53 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Түүнчлэн гадаад худалдааны эргэлт мөн хугацаанд 19.3 тэрбум ам.долларт хүрснээс 12.2 тэрбумыг нь экспорт бүрдүүлж, худалдааны ашиг анх удаа таван тэрбум ам.доллар давсан байна. Үүнд зэсийн хүдэр, баяжмал, нүүрсний орлого голчлон нөлөөлсөн аж.
Д.ХЭРЛЭН