Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрх авсан ч Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн санхүүжилт саатсаны улмаас сургалтын төлбөрөө төлж чадаагүй суралцагчдын эцэг, эх Ерөнхий сайд Н.Учралд албан шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жилд дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах эрх авч, БЗС-гийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад тэнцэн, хяналтын нөөцөд багтсан бакалаврын 40, магистрын 20 гээд нийт 60 суралцагч бий аж. Гэвч тэдний сургалтын төлбөрийн санхүүжилтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйн улмаас гадаадад суралцах эрхээ алдахад хүрээд байна.
Эцэг, эхчүүдийн төлөөлөл “Боловсролын сайд Л.Энх-Амгалан хяналтын тоо болон төсвийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Үүний дараа Засгийн газар 2026 онд 250 дугаар тогтоол баталсан. Тус тогтоолоор сургалтын төлбөрийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх чиглэлийг тодорхойлсон боловч санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгахаар заасан. Гэвч энэ онд сургалтын төлбөрөө төлөх шаардлагатай суралцагчдын эрх ашгийг хамгаалахад уг шийдвэр хангалттай баталгаа болж чадахгүй байгаа. Тиймээс хяналтын нөөцөд багтсан 60 оюутны сургалтын төлбөрийн санхүүжилтийг энэ сарын 15-ны дотор бүрэн шийдвэрлэхийг шаардаж байна. Шаардлагыг биелүүлж, тодорхой арга хэмжээ авах хүртэл Төрийн ордны гадна суулт зарлахаар болсон” гэлээ. Ташрамд дурдахад, БЗС-гийн сонгон шалгаруулалтыг “Times higher education world university rankings”-ийн эрэмбэ, суралцагчийн авсан тэтгэлэг болон хүссэн санхүүжилтийн хэмжээг харгалзан зохион байгуулдаг билээ.
Э.СОНДОР