Боловсролын яамны мэргэжилтнүүд нийслэлд 40-өөс дээш сурагчтай 1068 бүлэг бий гэж мэдээлдэг. Тэгвэл бодит байдалд 4198 бүлэг байгаа хэмээн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр “Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороог өнгөрсөн долоодугаар сарын 6-нд хуралдуулж, хийсэн тооцоо, судалгаагаа салбарын яамныханд танилцуулж, нэгдсэн дүнд хүрэх санал тавьсан ч салбарын сайд нь ирээгүй. Тухайлбал, 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 723 сургуульд 739 382 сурагч суралцсан.
Үүнээс 35-39 хүүхэдтэй 5017 бүлэгт 186 914, 40-49 хүүхэдтэй 3974 бүлэгт 172 033, 50-иас дээш хүүхэдтэй 224 бүлэгт нийт сурагчийн 50 хувь буюу 11 745 сурагч тус тус суралцаж байна. Үүнээс харахад 35-аас дээш хүүхэдтэй бүлэгт нийт 370 692 нь хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт суралцагчийн тал хувь нь даац хэтэрсэн ангид сурч, чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж байна гэсэн үг. Үүнийг яаралтай засаж сайжруулах хэрэгтэй” гэжээ. Түүний тооцоолсноор ирэх дөрвөн жилд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барьж чадвал нэг бүлгийн ачаалал 40 хүүхдээс цөөн байх боломжтой гэнэ.
Ч.ТУЯА