Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцсоныхоо дараа тус аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ерөнхий боловсролын хоёр, дөрөвдүгээр сургуульд ажилласан байна.
Ерөнхийлөгч санаачилсан бодлого, үйл ажиллагаагаа танилцуулснаас гадна үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх зарчим, төрийн алба, монгол хэлний сургалт зэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Өмнөх өдөр нь тэрбээр тус аймгийн удирдлага, төрийн байгууллагын дарга нартай уулзахдаа хэлсэн үгээ иргэдэд ч давтаж, сануулсан юм. Мөн эх хэлээ сурч, эзэмших нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг учир хүүхдүүдэд багаас нь зааж сургахад төр засаг, орон нутгийн удирдлага, боловсролын салбарынхан идэвх, санаачилгатай ажилла гэжээ. Улмаар ерөнхий боловсролын сургуулиудад ажиллахдаа Төрийн тэргүүн сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардгийг онцолж, хүүхдүүдэд төрөлх монгол хэлээ сайн сурахыг захилаа.
С.Уул