Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөд өр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй .
УИХ-ын эмэгтэй гишүүдээс хамгийн тохитой томоотой, элдэв шүүмжлэл, хэл амнаас хол, хал балгүй имижтэй нь Б.Уянга. Тэрбээр хэвлэлд саяхан өгсөн ярилцлагадаа “Парламент дахь эмэгтэй гишүүд рүү чиглэсэн нийгмийн дайралт, үндэслэлгүй шүүмжлэл, хардлага их байдаг”-т эмзэглэж явдгаа дурдсан байна билээ. Үнэн хэрэгтээ тэрбээр бусадтай харьцуулахад олны хэл ам, дайралтаас хамгийн ангид, анир чимээгүй байдаг нь юм.
Б.Уянга геологич мэргэжилтэй. АНУ-д ахлах сургуулиа дүүргэж, геологийн инженер мэргэжлээр эх орондоо бакалавр, магистрт суралцсан тэрбээр Харвардын их сургуульд байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа “Рио тинто” группэд геологичоор эхлүүлж, ШУТИС болон Токиогийн их сургуульд лектор, судлаачаар ажиллаж байгаад 2020 оноос Үндэсний геологийн албаны дэд дарга, ерөнхий геологичийн албыг хоёр жил гаруйн хугацаанд хашжээ.
Улмаар 2022-2024 онд буюу парламентын сонгууль болохоос өмнөх хоёр жилд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга, сайдын зөвлөх, дэд сайд зэрэг төрийн хариуцлагатай, өндөр албан тушаалуудад сууж байсан юм. Тэрбээр Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарын түүхэнд хоёр дахь эмэгтэй дэд сайдаар ажилласан (өмнөх нь Ц.Гарамжав) нэгэн билээ. Харин өдгөө анхны 126 гишүүнтэй парламент дахь 32 эмэгтэй гишүүний нэг болж, хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байна.
2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 10 дугаарт бичигдсэн Б.Уянга тойргийн сонгуулийн хүндхэн өрсөлдөөнийг алгасаж, парламентад “тухалсан”. Сонгуулийн үеэр түүнийг зарим нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажилласан туршлагатай боловсон хүчин гэж харж байсан бол нөгөө хэсэг нь Харвардад докторын зэрэг хамгаалсан, өндөр боловсролтой эмэгтэй хэмээн үнэлж байв. Гэвч тэрбээр өнгөрсөн жилүүдэд энэ үнэлэлт, хүлээлтэд нийцэн ажиллаж чадсангүй. Сонгогчдын заримд нь танигдаж ч амжилгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах гэж байна.
Геологич гишүүн уул уурхай, байгаль орчин, шинжлэх ухааны бодлогын чиглэлд түлхүү төвлөрдөг аж. Уул уурхайн зарим хууль тогтоомж, тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль болон АМНАТ-ийн хувь хэмжээтэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн байр сууриас нь үүдэн зарим нь түүнийг “Рио тинто”-гийн эрх ашгийг хамгаалагч, уран олборлолтыг дэмжигч хэмээн буруутгаж байв. Тэрбээр сүүлийн хоёр жилд Шинжлэх ухаан, технологийн болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан батлуулжээ. Хамгийн сүүлд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хязгаарлахтай холбоотой хуулийн төсөлд ажиллаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Эцэст нь түүнтэй холбоотой хоёр баримтыг онцолъё. Парламентын хяналтын UIH.mn системд тэмдэглэснээр УИХ-ын гишүүн Б.Уянга 2025 оны хаврын чуулганд 91.7 хувийн ирцтэй оролцож, нэг ч удаа таслаагүй үзүүлэлтээр “ангийнхан”-аа тэргүүлсэн бол энэ жил ирцийн хувь нь 88.6 болж буурчээ. Мөн тэрбээр хийсэн ажлаа олон нийтэд тайлагнахзорилгоор 2026 оноос “TheUTimes” нэртэй сониныг улирал тутам эрхлэн гаргаж эхэлсэн. Энэ нь түүнийг монгол хэл, бичигт маруухан нэгэн болохыг нотолсны зэрэгцээ сэтгүүл зүйн салбарынхнаас багагүй шүүмжлэл дагуулсан юм. Уг сониныг 100 хувь өөрөө хариуцаж, хянан хэвлүүлдэг хэмээн мэдэгдсэн тэрбээр эхний дугаарын гол нийтлэлээ “Ээжээс өвлөсөн мэргэжлээр Харвардад хүрч, чанартай гүйцэтгэлээр УИХ-ын гишүүн болсон түүх” хэмээн гарчигласан байв. Намын даргын сонголтоор зөөлөн суудалд очсон түүний хувьд өрөөлөөр үнэлүүлэх бус, өөртөө дүн тавих нь л илүү чухал бололтой.