Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдсан, эмэгтэй найруулагч, зохиолч, уран бүтээлчдийн өрсөлддөг “Алтан Феми” олон улсын кино наадамд энэ жил 130 орны 9600 орчим бүтээл өрсөлдсөн бөгөөд монголчууд шагналын хур буулгав. Тодруулбал, найруулагч Д.Галбаяр, продюсер Д.Хулан нарын бүтээсэн “Эмэгтэйн кейс” уран сайхны кино “Social impact” шагнал хүртсэн бол найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан” бүтээл “Best historical drama & cinematography” төрөлд тэргүүлжээ.

Түүнчлэн шилдэг баримтат кино төрөлд найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын “Их говийн манаач” бүтээл алтан цом өргөсөн бол Д.Урантуяа найруулагчийн “Явуулын хүн говьд” уран сайхны кино “Cultural heritage & authenticity” шагнал хүртсэн байна. Мөн зураглаач Б.Баатарын “Хувь заяа” кино “Best Asian cinematography” номинацид шилдгээр шалгарсан бөгөөд Кино урлагийн зөвлөлийнхөн өчигдөр уран бүтээлчдэд шагналыг нь албан ёсоор гардуулан өглөө.

Л.Ням