Улсын хэмжээнд ургац хураалт 82 орчим хувьтай үргэлжилж буй бөгөөд стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаан буудай бэлтгэснийг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээллээ. Өнгөрсөн даваа гаргийн байдлаар нийт нутгаар 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, 12 800 га-гаас 174.8 мянган тонн төмс хураан авсан аж. Мөн 206.4 мянган тонн хүнсний ногоо, нийт 270 орчим мянган тонн тос болон тэжээлийн ургамал хураажээ. Дээр дурдсанчлан хураасан улаан буудайны 109.8 мянган тонныг нөөцөд авсан бол гурилын үйлдвэрүүдэд 185 000 тонныг нийлүүлж, спиртийн үйлдвэрүүд 6.2 мянган тонныг нь худалдан авчээ. Харин үрийн зорилгоор 47.7 мянган тонн будаа нөөцөлсөн аж. Гурилын үйлдвэрүүд дээрх хэмжээний будаа худалдан авахын зэрэгцээ гурилын 20 200, хивгийн 9.5 мянган тонн нөөцтэй байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
С.Дулам