Социализмын үед “Москвад ханиад дэгдвэл монголчууд найтаана” гэлцдэг байж. Улс төрийн, бас шоглосон өнгө аястай үг боловч олон улсад өрнөж буй үйл явдал Монголд нөлөөнө л гэсэн санаа. Ялангуяа өнөө цагт шатахууны нийлүүлэлт, үнэ, чингэлэг тээврийн хэмжээ, ачаа эргэлтийн хурд, хилийн хотуудын ачаалал, боомтын нэвтрүүлэх чадвар зэрэг нь улс орнуудын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд чухал нөлөөтэй болсон. Манай орныхувьд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөншалтгааныг иргэн ч, үйлдвэрлэгч ч шатахуунболон валютын ханш нэмэгдсэнээс боллоогэж хариулж хэвшив. Бензин литр тутамдаа 300 төгрөгөөр өсөхөд такси үйлчилгээ км бүрээ 300 төгрөгөөр ахиулчихдаг жишиг бий болсон. Мэдээж үнэ ханш зах зээлийн зарчмаар тогтдог. Гэхдээ зах зээлд шударга зарчим бий болгох, шаардлагатай арга хэмжээ авах, үнийн савлагааг багасгах, ханшид нөлөөлж буй дэд бүтцийн хүртээмжийгсайжруулах бодлого байх л учиртай. Тийм бодлогыг хэрэгжүүлэх гэж төрийн албаныхан ажилладаггүй гэж үү.
“БНСУ-аас үйлдвэрийн үнээр захиалга авч, онлайн дэлгүүр ажиллуулдаг эмэгтэйгээс өвлийн куртик, гутал, бага оврын агаар цэвэршүүлэгч зэрэг бараа захиалж, нийт хоёр сая гаруй төгрөг төлсөн. Ихдээ гурван долоо хоногийн дараа Монголд хүрнэ, каргоны үнэ кг тутамдаа 3000 орчим вон буюу 8000 төгрөг гэсэн. Гэтэл бараагаа авах хугацаа сар орчмоор хойшилж, өнгөрсөн долоо хоногт хүлээн авахад ачааны кг тутмынх нь үнэ 12 000 болсон гэв. Нийт найман кг гаруй ачаа авахад 70 000 төгрөг төлсөн. Онлайн дэлгүүрийн эзэн “Миний буруу биш, каргоны үнэ өссөн” гээд л өнгөрлөө. Сарын хугацаанд 50 хувиар нэмэгддэг үйлчилгээ байдаг гэж үү” хэмээн иргэн У.Атармаа ярьсан.
“Би онлайн дэлгүүр ажиллуулж, гэр ахуйн бараа зардаг. Үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу заримдаа буйдан, тавиур, номын шүүгээ зэрэг овор ихтэй бараа авчрах нь бий. Бараагаа ихэвчлэн Эрээн, Гуанжугаас татан авдаг. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр буюу хоёр сарын өмнө Эрээнээс нэг шоо метр ачааг 250-280 юань буюу 140-150 мянган төгрөгт ачуулна гэж бодож захиалга авсан. Дөрвөн жижиг буйдан, ханын цаг, гэрэл зэрэг таван багц ачааны хөлс 550 000-600 000 төгрөг болох байв. Гэтэл аравдугаар сарын 15-нд ЭрээнУлаанбаатар чиглэлийн каргонууд нэг шоо метр ачааны үнийг хөнгөн бол 350, хүнд жинтэй бол 400 юаниар буюу багадаа 190 000 төгрөг гэлээ. Жижиг буйдангийн үйлдвэрийн үнэ 200 000 орчим төгрөг байтал түүнтэй дүйцэхүйц хөлсийг зөвхөн ачаанд төлсөн. Каргоны үнэ өсөж буй шалтгааныг шатахууны ханш нэмэгдсэн, олдоц бага байгаатай холбоно лээ. Ер нь карго, тээврийн зардлын үнэ тогтмол өсдөг. Өсөөгүй улирал, жил бараг байхгүй” гэв.
“Замын-Үүдээр нэвтрүүлж буй ачааны үнэ байнга нэмэгддэг. Ялангуяа урд хөршид баяр ёслол болж хилээ хаахад манай автомашинууд Эрээнд олон хоног хүлээнэ. Тээвэрлэлт зогссон учраас ачааны хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад автомашинуудын эзэд үнээ нэмчихдэг. Баянзүрх дүүрэгт байрлалтай “Гялс күйк” каргогоор манайх үйлчлүүлдэг бөгөөд 5-7 кг нэг хайрцаг ачаанд есдүгээр сард 30 000 төгрөг төлдөг байсан. Тэгвэл өнгөрсөн ням гарагт 70 000-ыг төллөө. Шатахууны үнэ өссөн, хомсдол арилаагүй, Эрээний ложистикийн төвд ачаа, бараа бөөгнөрсөн нь үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гэсэн. Уг нь Монополын эсрэг газар гээд бизнесийн тэгш бус байдлыг халах, шударга өрсөлдөөн бий болгох зорилготой том байгууллага байдаггүй бил үү. Үндсэндээ манайд хүчтэй нь ноёлж, хүчгүй нь дарлуулдаг ширэнгийн хууль л үйлчилдэг. Бензиний үнэ литр тутамдаа төдөн төгрөгөөр өсөхөд кг ачааны зардал тийм хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн зохицуулалт байх хэрэгтэй. Тээврийн зардал өсөх нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг. Хос оймс, ширхэг малгайны үнэ гэхэд л өнгөрсөн өвлийнхөөс харьцангүй нэмэгдчихсэн байгааг анзаарах, анхаарах байгууллага алга даа” хэмээн “Содон эрүүл хүнс” эрүүл мэндийг дэмжих төвийн эзэн ярив. Үүнээс гадна экспортын голлох бүтээгдэхүүн зэсийн баяжмалын тээвэрлэлт энэ сарын 15-наас хойш огцом саарсан гэнэ. Энэ нь Гашуунсухайт боомтоор нэвтрүүлж буй тээврийн хэрэгслийг БНХАУ-ын тал бүрэн хүлээн авахгүй байгаатай холбоотой аж. Тодруулбал, өдөрт дунджаар 1300 автомашин хилээр нэвтрүүлдэг байсан бол сүүлийн хоёр долоо хоногт 600 орчим тээврийн хэрэгсэл оруулж байгаа гэнэ. Үүний улмаас хоёр долоо хоногийн хугацаанд 300 гаруй сая ам.долларын экспортын орлого тасалдсан тооцоо гарчээ. Хэрэв эл нөхцөл байдал он дуустал үргэлжилбэл тэрбум гаруй ам.доллар буюу 3.6 их наяд төгрөгийн экспортын орлого тасрах бодит эрсдэл үүсжээ. Үүнийг зохицуулах шаардлагатайг “Оюутолгой” компаниас өчигдөр мөн мэдээлэв.
Тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, үнийг зохицуулах боломж бий, эсэх талаар Зам, тээврийн яамнаас тодрууллаа. Тус яамны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрынхан “Каргоны үнийн өсөлтийн талаар яам мэдэхгүй. Ер нь үнэ ханш зохицуулах байгууллага биш, зах зээлийнхээ зарчмаар тээврийн компаниуд нь шийдвэрлээд явна. Боомтуудад нөхцөл байдал хүндэрсэн, орж, гарах хөдөлгөөн удааширсан асуудал яригдаагүй” гэлээ. Мөн Гаалийн ерөнхий газрынхан ч Гашуунсухайтад үүсээд буй нөхцөлийг мэдэхгүй, тээврийн зардлын өсөлт ч тус газарт хамаагүй, тухайн боомтын захиргааны мэдэх асуудал гэдгийг хэлсэн. Товчхондоо, Гаалийн ерөнхий газрынхан болон Зам, тээврийн яамныхан боомтын захиргааны мэдэх асуудал хэмээн дуу нэгтэйгээр илэрхийлэв. Тэгвэл Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дэргэдэх Хилийн боомтын захиргааны нэгэн мэргэжилтэн “Гашуунсухайт боомтод үүссэн нөхцөл болон Замын-Үүд, Эрээн, Улаанбаатар хоорондын тээврийн зардлын асуудалтай холбоотой ямар нэгэн мэдээлэл өгөх боломж алга” хэмээн товч хариуллаа. Эндээс харахад манай улс яг л эзэнгүй айл шиг санагдана. Гэрийн үүдээр орох, гарах хүмүүс нь бөөгнөрчихсөн, орох уу, эсвэл гарах уу хэмээн шийдэж ядах шиг. Эсвэл гэртээ худалдан авч ирж буй хүнс, хувцасны үнийг дур мэдэн хөөрөгдөж, өрхийн гишүүдийн цуглуулж өгснөөс илүү зардал ч нэмж байх шиг, эмх замбараагүй байдал нүүрлэжээ.
Ер нь үйлдвэрлэгч бус, импортлогч улсын хамгийн том зовлон нь карго, тээврийн асуудал. Манай улсад 150 гаруй компани тээвэр, карго үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээрийн ачилт, буулгалтын 300 гаруй цэг бий гэнэ. Түүнчлэн жил бүрийн намар, хавар, эсвэл баяр ёслолын үе дөхөхөд ачаа, тээврийн үнэ өсөж, нийлүүлэлт саатаж, боомтын ачаалал нэмэгддэг. Үүнд ямар ч зохицуулалт байхгүй бөгөөд тээвэрлэгч компани шатахууны ханш, эрэлт, зардалдаа тулгуурлаж үнийг нь санааныхаа зоргоор тогтоосон хэвээр. Энэ нь бараа, үйлчилгээний ханшийг шууд өсгөж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулдаг. Асуудал үүсээд буй талаар хөндөхөд албаныхан ч, тээвэр зуучийн компанийнхан ч зах зээлийн зарчмаар үнэ тогтдог хэмээн бушуухан хариулдаг. Гэтэл манай улсад зах зээлийн зарчим, шударга өрсөлдөөнд суурилж бий болсон бизнес цөөн. Иргэдийн цалин, орлого ч олон улсын жишгээс бага.
Нөгөө талаас тээвэр ложистикийн салбарыг хөгжүүлж, боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулна хэмээн Боомтын сэргэлтийн үндэсний хороог байгуулсан. Өдгөө улсын хэмжээнд байнгын ажиллагаатай 24 боомт бий. Гэтэл импортын бүтээгдэхүүний 80-90 хувийг зөвхөн Замын-Үүдээр авдаг. Замын-Үүд, Эрээнд ачааны эргэлт удааширч, саатвал дагаад бүх бүтээгдэхүүний ханш өсөх эрсдэл арилаагүй хэвээр.
Дэлхийн чингэлэг тээврийн жишиг үнэ энэ сарын эхний хагаст өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.6 дахин өсжээ. Гэхдээ энэ нь олон улс хооронд хийж буй бүх тээврийн зардал нэмэгдсэн гэсэн үг биш аж. Түүнчлэн уг өсөлтөд АНУ-ын импортын эрэлт, Ойрх Дорнодын мөргөлдөөн, Ормузын хоолой орчмын тээврийн эрсдэлээс шалтаалан хөлөг онгоцны түлшний үнэ өссөн нь нөлөөлж буй хэмээн олон улсын хэвлэлүүд бичжээ. Энэ сарын эхний хагасын байдлаар “Drewry” компаниас гаргасан чингэлэг тээврийн индекс 4300 орчим ам.долларт хүрчээ. Энэ нь 40 фут буюу 26-28 тонн чингэлэг ачааны зардал. Өөрөөр хэлбэл, АНУ-БНХАУ, БНХАУ болон Европын Холбооны улс хооронд далайгаар тээвэрлэж буй томоохон ачааны үнэ кг нь 0.1 ам.доллар байжээ. Энэ нь ойролцоогоор нэг кг ачаа 600-800 төгрөг гэсэн үг. Үүн дээр бүс нутгийн болон тухайн компанийн ашиг нэмэгдэнэ. Харин манай улс далайд гарцгүй, хуурай замын тээврийн нэг кг ачааны үнэ дээрхээс багадаа 10 дахин өндөр байна. Ташрамд дуулгахад, Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх чадварыг бууруулж, нүүрс тээврийн автомашинуудын татан авалтыг багасгасан нь урд хөршийнхөн жолооч нарын царай таних технологи нэвтрүүлж, техникийн шинэчлэл хийж буйтай холбоотойг Өмнөговь аймгийн Хилийн боомтын захиргаанаас мэдээлжээ. Уг ажлыг энэ он дуустал хийхээр БНХАУ-ын тал төлөвлөсөн гэнэ.
С.Дулам