ЭМЯ-наас томууны улирлын бэлэн байдлыг хангах хүрээнд өвчилсөн хүүхдүүдийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд өдрийн эмчилгээнд хамруулахаар болжээ. Ингэснээр томуу, томуу төст өвчний үед хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, цаг алдалгүй хүргэж, иргэн, даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх давуу талтай гэж үзэж байна. Үүнд шаардлагатай санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болсон аж. Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багц 100 000 төгрөг бөгөөд цаашид томууны дэгдэлт, тусламж, үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн санхүүжилтийг улирал дуустал анхан шатны эмнэлгүүдэд гүйцэтгэлээр нь тооцон олгохоор ажиллаж буйгаа албаныхан мэдээллээ.
Өдрийн эмчилгээнд эмчийн үзлэг, хяналт, оношилгоо, эм, физик, утлага зэрэг зайлшгүй шаардлагатай эмчилгээг багтаасан гэнэ. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ өдрийн эмчилгээнд хамруулснаар ханиад, томууны үед хэрэглэх эм, тариаг гаднаас худалдан авахааргүй болж буй юм. Иймд халуурах, ханиалгах, бөөлжиж, гүйлгэх зэрэг томууны шинж тэмдэг илэрвэл харьяа өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөсөн. Өдрийн эмчилгээ хийлгэх, эсэхийг эмч үзлэг, шинжилгээний дагуу шийдэх аж.