Чөлөөт бөхийн өсвөр үеийн тамирчдаас Б.Ариунзул хэмээх шавилхан охины нэр сүүлийн үед тодоос тод сонсогдох болж, олон улс, тивийн тэмцээнээс медальтай ирэх болсон. “Төгс” дэвжээний дасгалжуулагч Ч.Пүрэвбаяр багшийн шавь болж, энэ спортоор хичээллэн тамирчны гараагаа эхлүүлсэн тэрбээр Азербайжаны Баку хотод өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулсан 17 хүртэлх насныхны ДАШТ-д хүч сорьж, охидын 65 кг-ын жинд түрүүлсэн юм. Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглохдоо Украины тамирчин Бухтина Ирина, Узбекистаны Азимова Шахоза, Беларусын Брахинетс Палина, Казахстаны Абдималик Айшаг буулган авч, цахиур хагалснаар бөхийн хорхойтнуудын анхаарлыг татсан юм. Спортын мэргэжилтнүүд түүнийг “Хамгаалалт сайтай, тактикийн өндөр мэдрэмжтэй, дайчин бөгөөд нягт барилдаантай. Даруу төлөв зантай,сандралгүй тайван барилддаг түүний сэтгэл зүйн тогтвортой байдал нь амжилт гаргахад нөлөөлдөг” хэмээн онцлон өгүүлсэн. Спортын төв сургуулийн 12 дугаар ангид сурдаг тэрбээр одоо дасгалжуулагч Г.Нямбаярын удирдлагад үргэлжлүүлэн бэлтгэл хийж, ур чадвараа ахиулан амжилт гаргасаар байна.
-Монголын чөлөөт бөхийн өсвөр үеийн эмэгтэй тамирчдаас та дэлхийн дэвжээнээс анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Энэ спорттой нөхөрлөсөн түүхээр тань аялбал сонирхолтой дурсамж өгүүлэх байх даа.
-Баярлалаа. Би чөлөөт бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-д анх удаа оролцож, түрүүлсэндээ сэтгэл өндөр байгаа. Сайн багш нарын удирдлагад энэ спортоор 10 жил тууштай хичээллэж, бэлтгэл сургуулилалтаа таслалгүй хийсний үр дүн гэж боддог. Гаргасан амжилтын маань ард гэр бүл, багш, хамаатан садны ах дүүс гээд олон хүний тус дэм, сэтгэл зүтгэл их бий. Миний хувьд өөрийн хүсэл сонирхлоор бөхийн спорттой нөхөрлөсөн. Багадаа өдөр өнжүүлэхэд явдаг байхдаа нэг өдөр газарт унасан нэрийн хуудас олсон юм. Сонирхоод хартал чөлөөт бөхийн клубийн хаяг, утасны дугаар бичээстэй байв. Аавдаа үзүүлээд “Би үүгээр хичээллэе” гэхэд татгалзалгүй дуртай зөвшөөрсөн. Чөлөөт бөхийн зааланд хөл тавьсан эхний өдөр таатай бодол төрүүлж, үе тэнгийнхээ хүүхдүүдтэй дэвжээнд хамт бэлтгэл хийх хөгжилтэй, сонирхолтой санагдаж билээ. Хичээллэх явцдаа халширмаар зүйлүүдтэй багагүй тулгарсан ч шантраагүй, харин ч бүр улам дурласан. Намайг тамирчин болох үеэс гэрийнхэн минь ойлгон дэмжиж, зардлыг минь олж өгч, дотоод, гадаадын тэмцээнд алгасалгүй оролцуулж ирсэн. Би Спортын төв сургуульд гурав дахь жилдээ сурч байна. Тамирчид бэлтгэдэг сургууль болохоор багш нар маань хичээлээс чөлөөлж, тэмцээнд сэтгэл тайван оролцуулдаг юм.
-Тамирчид амжилтынхаа гарааг дотоодын томоохон тэмцээнээс эхлүүлсэн байдаг. Анхны медалиа зүүгээд догдолж зогссон мөчөө та ч гэсэн мартаагүй биз?
-Бэлтгэл хийгээд удаагүй байхдаа дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо. Барилдах гэтэл хамгийн хөнгөн болох 38 кг-д миний жин хүрдэггүй ээ. Тэмцээнд зодоглохыг маш их хүсэж байсан тул багшаасаа гуйж, арай гэж зөвшөөрөл авав. Тухайн үед туршлага хуримтлуулах зорилгоор өрсөлдөхдөө аваргын төлөө шалгарна гэж огт төсөөлөөгүй. Биерхүү, өндөр, жин, насаар илүү тамирчинтай ана мана барилдаж, мөнгөн медаль хүртэхийг минь манайхан хараад их баярласан. Анхны медалиа зүүгээд шагналын тавцанд догдолж зогссон мөч, аав, ээж, багш, найзуудаасаа сонссон урмын үгийг одоо ч марталгүй санаж явдаг. Тэр тэмцээн намайг олон талаар хөгжүүлж, амжилтын төлөө хичээж хөдөлмөрлөх зорилго, тэмүүлэлтэй болгосон. Үүнээс хойш өсвөр үеийнхний УАШТ-д алгасалгүй оролцож, долоон удаа түрүүлжээ. Медаль гардсан өдрөөс хойш аав, ээж намайг ямар ч тэмцээнд оролцсон дагаж яваад үзнэ. Сүүлдээ өрсөлдөгчдийг маань таньдаг болж, барилдах онцлог, арга барилыг нь хүртэл судалдаг болчихсон байв. Тэмцээнтэй өдрүүдэд “Чи түүнтэй барилдахдаа алдаа гаргаж болохгүй шүү. Барилдааных нь тэр үед ийм мэх хийгээрэй” гээд зөвлөдөг. Би бөхийн удамтай. Аав үндэсний бөхөөр барилддаг, сумын заан цолтой. Ээж минь бүх зүйлээр дэмжин, тусалж ирсэн хамгийн үнэнч дэмжигч.
-Олон улсын тэмцээнд оролцох эрх гардаж аваад аль улсыг анх зорьж байв?
-Миний хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд цөөнгүй оролцож, алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн. 2023 онд Йордан улсын Амман хотод зохион байгуулсан 15 хүртэлх насныхны Азийн АШТ-д оролцохдоо Узбекистан, Киргиз, Энэтхэгийн бөхчүүдийг дараалан ялж, шигшээд шалгарсан. Аваргын төлөө Японы тамирчин Ханано Моривакитай барилдахдаа оноогоор хожигдож, мөнгөн медаль хүртэж байв. Тус улсын тамирчид чөлөөт бөх, жүдод хүчтэй өрсөлддөг. Тив, дэлхийн, олимпын медалийг жин тус бүрд хүртэж харагддаг. Тэр тэмцээнд тивийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, дэд байр эзэлсэн минь анхны том амжилт байлаа. Үүнээс хойш хоёр жилийн дараа (2025 онд) Вьетнамын Вунгтау хотыг зорин 17 хүртэлх насныхны Азийн АШТ-д өрсөлдөж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны тамирчин Айша Абдималикийг 11:2- оор ялсан юм. Азербайжаны Бакуд өнгөрсөн долоодугаар сард болсон ДАШТ-д зодоглохдоо аваргын төлөө түүнтэй дахин таарсан. Түүний хувьд надаас даагаа нэхэж барилдсан ч 4:0-ээр ялагдаж, мөнгөн медальтай нутаг буцсан даа.
-Та энэ жил тивийн хоёр тэмцээнд оролцсон нь амжилтаа ахиулж, дэлхийн аварга болоход нөлөөлсөн болов уу?
-Тиймээ.БиВьетнамд хоёр удаа хөл тавьсан. Тус улсын Дананг хотод хоёр том тэмцээн дараалж болсон юм. Азийн АШТ-ийг өнгөрсөн тавдугаар сарын 25-29-нд зохион байгуулахад зодоглож, Японы тамирчин Ясүми Кокорог 4:3- аар буулган авснаар хоёр дахь хүрэл медалиа хүртсэн. Үүний дараа зургаадугаар сарын 1-нд эхэлсэн элсний чөлөөт бөхийн тэмцээнд үргэлжлүүлэн өрсөлдөж, хагас шигшээд нутаг нэгт Э.Анужинг ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр болсон. Алтан медалийн төлөө хамт бэлтгэл хийдэг Б.Уранбаяртай барилдаж, Азийн аваргаар шалгарч байлаа. Эдгээр тэмцээнд оролцсон барилдааны туршлагууд ДАШТ-д түрүүлж, шилдгүүдийн эгнээнд багтахад их нөлөөлсөн шүү.
-Өнгөрсөн он жилүүдэд алдаанаасаа суралцаж, өрсөлдөгчдөө судлан, өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн тухайгаа яриач.
-Азийн АШТ-ий хэсгийн аваргын төлөө ялагдсан минь том сургамж болж үлдсэн. Тэр барилдаан байнга бодогдож, өрсөлдөгчийнхөө ур чадварт хүрэхийн тулд өөрийгөө өдөр бүр дайчлахыг сайтар ойлгуулсан гэж боддог. Би олон улс, тивийн тэмцээнд оролцсоныхоо дараа өөртөө дүгнэлт хийж, гаргасан алдаануудаа дараагийн барилдаанд давтахгүйн тулд засахыг хичээдэг. ДАШТ-д оролцохын өмнө багштайгаа хэрхэн барилдах талаар нэг бүрчлэн ярилцаж, бэлтгэлээ чамбайруулсан минь их хэрэг болсон.
-ДАШТ-ий сугалаанд таарсан тамирчдын олонх нь танаас өмнө дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн туршлагатай бөхчүүд харагдсан. Тэднийг эхний тойргоос авхуулаад ялах мэдээж амаргүй л санагдсан болов уу.
-Казахстаны Айша Абдималикаас бусад нь миний хувьд шинэ танил байлаа. Тэдний барилдах онцлог, арга барил, техникийг нь мэдэхгүй тул өөрийн сурсан бүх зүйлээ гаргаж барилдахаар шийдсэн. Тиймээс дэвжээнд нүүр тулахдаа хэнээс нь ч эмээж сандраагүй. Өмнөх өдөр нь сайн амарсан болохоор анхаарлаа төвлөрүүлж, тайван барилдсан. Бие, сэтгэл зүйгээ сайтар бэлдсэн болохоор өрсөлдөгчдөө ялах надад хэцүү санагдаагүй.
Эхний тойрогт Украйны тамирчин Ирина Бухтинаг 5:0-ээр ялж, шигшээ наймд Узбекистаны тамирчин Шахзода Азимоваг 11:0-ээр хожин тэмцээнээ үргэлжлүүлсэн. Хагас шигшээд Беларусын Палина Брахинетсийг 7:1 онооны давуугаар буулган авч, аваргын төлөө барилдахаар шалгарсан юм. Алтан медалийн төлөө Айша Абдималиктай барилдахынхаа өмнө Азийн АШТ-д таарч, хэрхэн ялснаа эргэн санасан. Түүний барилдах арга барилыг гадарладаг болохоор төлөвлөсөн тактикийнхаа дагуу барилдаж ялсан. Миний дархан мэх гар таллах. Багаасаа хийж сурсан болохоор энэ мэхээр өрсөлдөгчдөө ялсан удаа цөөнгүй. Харин хичээллэх явцаа багшийнхаа зөвлөснөөр шагайнд сууж, хөл авахыг сурсан.
-Тивийн тэмцээнд цөөнгүй оролцсон болохоор ДАШТ-ээс дутахааргүй сэтгэлд тань үлдсэн барилдаанууд бий л байх.
-Өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д хүрэл медалийн төлөө өрсөлдөх амаргүй байлаа. Надаас хүч, ухаан, бяр, техник гээд бүх зүйлийг шаардсан, ялах эсэхийг багагүй сорьсон барилдаан болсон. Хэрвээ ялагдвал хоосон буцах тул маш их хичээж, өөрийгөө дайчилсан. ДАШТ-д таарсан барилдсан Украйны тамирчин давхар хамдаг мэхтэй. Түүнийг буулгаж авахын тулд хамгаалж, тулж, довтолж барилдсан. Одоо миний зорьж буй гол зүйл бол арванхоёрдугаар сард болох УАШТ-д түрүүлж, олон улс тэмцээнд оролцох эрхээ авах. Би ирэх жил 12 дугаар ангиа төгсөнө. Бэлтгэл хийж, тэмцээний оролцохын зэрэгцээ хичээлдээ анхаарал хандуулах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх гээд өмнөхөөсөө ч илүү завгүй хөдөлмөрлөх байх. Тиймээс зорьж буй зүйлдээ цагийг үр дүнтэй, зөв зарцуулахыг хичээж байгаа.