Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон БНСУ-ын элчин сайдын яамдын төлөөлөгч нар байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Монгол улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаатай билээ. Энэ сард БНСУ-ын Намянжү хотын дарга, төлөөлөгчид зочилно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 жилийн хугацаатай хэрэгжих “Намянжү Дасаны ой”-н төслийг бид хэрэгжүүлэх гэж байна. Улаанбаатар хот БНСУ-ын Инчон хоттой Ах дүүгийн харилцаа, Кёнги муж, Пусан, Гуанжү, Мукпу зэрэг хотуудтай найрамдалт харилцаа тогтоож хамтын ажиллагааг нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжүүлэн хөгжүүлж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байгаа” гэлээ.
БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун “БНСУ-аас Монгол улстай хамтран олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ ажлыг эрчимжүүлэх тал дээр бид санал нэгтэй байна. Мөн Улаанбаатар, Сөүл хотын хооронд багш, сурагч солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Солонгос улсыг зорьж байгаа багш нарын визийг хурдан шуурхай гаргах тал дээр бид ажиллаж байна. Энэ хөтөлбөр мөн хоёр орны харилцаанд чухал нөлөөтэй. Цаашид хоёр орны иргэд харилцан зорчих, иргэдийг саадгүй зорчуулах талаас бид ажиллана. Сөүл хотын орон сууцны корпораци хамтран ажиллах сонирхолтой байгаа. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болох юм. Хоёр хотын найрамдлын бэлгэ тэмдэг болсон Сөүлийн гудамжид “Гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлж жуулчид, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газрын нэг болгосонд туйлын баяртай байна. 2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Бид олон салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн ажиллах болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.