Нийслэлд 2017-2018 онд 17.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 10 сургууль, цэцэрлэгийн барилга он дамжин 44 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Харин 2018 оны хувьд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт 229.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 94 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн ажил хэрэгжүүлэхээр батлагдсан. Үүнээс 19,100 хүүхдийн суудалтай 34 сургуулийн барилга, 9,835 хүүхдийн хүчин чадалтай 52 цэцэрлэгийн барилга, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга, 5 сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга барихаар төлөвлөгдсөн. Сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэдэг сургуулийг 2 ээлжид шилжүүлэн 28,650 хүүхэд хамрагдаж цэцэрлэгийн ачаалал хэтрэлийг бууруулан 14,000 орчим хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, багш ажилчдын ажиллах орчныг сайжруулах боломж бүрдэх юм. Үүнээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас Нийслэлийн Засаг даргад 43 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн ажлын эрх шилжиж ирсэн. Тиймээс 2018 онд боловсролын салбарт түүхэнд байгаагүй томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийгдэж эхэлнэ гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдэгдлээ.