
Монголын БХЯ, Орос, Белорусь, Казахстан улсын ЭСЯ-д хүндэтгэлийн цэцэг өргөхөд улс улсын төрийн дуулал эгшиглэв. Мөн эх орны дайнд оролцон ялалт авчралцсан дайчдын үр хүүхдүүд эцэг эхийнхээ хөргийг барин, гал улаан сарнайгаар хөшөөг чимж, мэхийн ёсоллоо.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд монголд суурьшсан орос иргэд, монголд төрсөн монголын харьяалалтай орос үндэстний үр хүүхэд олноор ирсэн нь хөл хөдөлгөөн нэмж, баярын уур амьсгалыг халуун дулаан болголоо. Орос цэцэрлэг, сургуулийн бяцхан багачууд цэрэг хувцас өмсөн, дайны сэдэвт орос дуу дуулж, бүжин ирсэн зочдыг баясгав. Дайнд оролцсон орос дайчдын үр хүүхдүүд эцэг, эх, ах эгчийнхээ хөргийг барин ирсэн нь түүхийн амьд гэрч болохоор.
Зарим иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсов. Берлин хүртэл байлдаж ялалт авчирсан Леонид Михайлович Емельяновын охин Нина "Манай аав 1923 онд Монгол Улсад төрсөн. Монголд аав ээжтэйгээ суурьшин амьдарч байхад 1941 онд эх орны дайн эхлэхэд дөнгөж 18 настай аав минь шууд фронт руу явж дайнд оролцсон. 1945 оны 5 дугаар сарын 9-ны өдөр Германы Берлин хот хүртэл байлдаж ялалт авчралцсан. Энгэртээ Зөвлөлт төрийн дээд одон "Красной Звезды", "Отечественной Войны степени" зэрэг одон медаль зүүж эргэн ирсэн. Төрсөн эх орон Монголдоо эргэн ирж Улаанбаатар хотын хуучнаар Окьябрийн районд амьдарч байлаа.
Улсын тээврийн 5 дугаар баазад жолоочоор ажиллан тэтгэвэртээ гарч 2009 он хүртэл монголд үр хүүхэд бидэнтэйгээ хамт амьдарсаар бурхны оронд одсон. Аав минь орос цустай, монгол сэтгэлтэй жинхэнэ орос монголын алтан гагнаас болсон хүн байлаа" хэмээн дурсав.