Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын ЭСЯ, Цагдаагийн ерөнхий газар хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хурлаар БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэгчид төрийн байгууллагын 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа учир НДЕГ, ЦЕГ-тай хамтран шалгаж эхлээд байгаа талаараа мэдээлэв.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас "2017 онд 300 мянга гаруй, сард 24 мянган иргэн ТҮЦ машинаас нийгмийн даатгалын лавлагаа авснаас 890 хүний лавлагааг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан бол 2018 онд 430 иргэнийхийг шалгуулж 130 иргэнийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон. Иймд уурамч лавлагаа гаргаж байгаатай холбогдуулан лавлагаа үнэн зөв эсэхийг шалгах системийг нэвтрүүлээд байгаа бөгөөд ингэснээр хуурамч лавлагаа үйлдэж буй хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой боллоо" хэмээв.
Мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Муг хэлэхдээ "БНСУ-ын Элчин сайдын яаманд өдөрт 900 гаруй иргэн виз мэдүүлэх хүсэлт гаргаж байна. Энэ дунд төрийн байгууллагуудын бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол газар авсаар байгаа тул хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрлээ. Иргэд ихэвчлэн нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, банканд 5.0 сая төгрөг байршуулсан гэрээ, ТЕГ-аас олгож байгаа удирдлагын овог нэр, оюутны тодорхойлолт, оюутны үнэмлэх, төлбөр төлсөн бичиг зэргийг хуурамчаар үйлдэж байна. Мөн Европын орнууд руу зорчсон гэх штампыг хуурамчаар үйлдэж байна. 400-500-д хүрсэн гэсэн тоо бий. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд 400-500 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн. Иймд ЭСЯ-ны зүгээс хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн иргэдийн дахин виз мэдүүлэх эрхийг хамгийн багадаа нэг жил цаашлаад хугацаагүйгээр хааж байгаа. Мөн хуурамч материал үйлдэж буй этгээдийн виз мэдүүлэх эрхийг нь шууд хугацаагзйгээр хаадаг. Тэд цахим сүлжээгээр дамжуулан өөрсдийн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үнэ өртөг нь 100 мянган төгрөгөөс 5 сая хүртэлх төгрөг байдаг гэнэ. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэсэн юм.