Энэ хаврын тариалалт уржигдраас улс даяар жигдэрлээ. Техник, технологийн хүчин чадал хангалттай тул уг ажлыг 14-17 хоногт багтаан дуусгах боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв. Улсын хэмжээнд өдгөө буудай 33 900, төмс 723, хүнсний ногоо 640 га-д тарьжээ. Одоогоор буудайн тариалалт 8.6, төмснийх 4.6, хүнсний ногооных 7.6 хувьтай буй гэнэ. Ган гачгийн улмаас 2017 онд ургац алдаж, газар тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын нэг тонн элит үрийг 660, I үржүүлгийнхийг 620, дотоодын ургацаас бүрдүүлснийг 570 мянган төгрөгөөр худалдах болсон. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 400 гаруй аж ахуйн нэгж, иргэнд хөнгөлөлттэй нөхцөлөөр үрийн буудай олгож байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, энэ онд улсын хэмжээнд 518 700 тонн буудай хураан авах зорилт дэвшүүлсэн юм.