-Ерөнхий сайд асан хоёр хүнийг баярлуулан гомдоов-
Оюутолгой төслийн хүрээнд Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагчидтай 2009, 2015 онд гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 оны Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Тагнуулын болон Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал байсан Б.Бямбасайхан зэрэг хүнийг холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа билээ.
Тэднээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих 30 хоногийн хугацаа дуусаж, уржигдар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт хүргүүлснийг тухайн өдрийн үдээс хойш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мөрдөгчийн саналыг дэмжин прокурор нь хүсэлт гаргасан юм.
Тус шүүхэд өчигдөр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг батлан даалтад гаргах, эсэхийг хэлэлцээд тэдэнд өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавихаар шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах, эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгч ийм шийдвэр гаргасан аж.
Цагдан хорих асуудал хариуцсан шүүгчийн захирамжийг НПГ-ын хяналтын прокурор эсэргүүцсэн бөгөөд үдээс хойш 16.00 цагт уг асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянан хэлэлцсэн юм. Уг хурлаас “С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Улмаар дээрх гурван хүнийг тус бүр нэг сар хорихоор цагдан хорих хугацааг сунгав. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар нь ирээгүй, батлан даалтанд гаргах үндэслэлээ тайлбарлаагүй нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой.
Одоогоос яг нэг сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 11-нд дээрх хүмүүсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-д заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” хэмээн 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. С.Баяр, Ч.Сайханбилэгээс гадна Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадралыг уг хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байв. Б.Ариунсантай хамтран Оюутолгойгоос авах татварыг үндэслэлгүйгээр бууруулсан байж болзошгүй гэж буруутгасан аж.
Дээрх хүмүүсийг анх цагдан хоригдох үед өмгөөлөгч нар нь “Үндэслэлгүйгээр цагдан хорьсон, дуудсан цагт нь АТГ-т ирж тайлбар мэдүүлгээ өгсөөр атал 30 хоног саатууллаа” хэмээн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж байсан билээ. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан зэрэг хүнийг 30 хоног албадан саатуулах тухай яг сарын өмнө гаргасан шүүгчийн захирамжинд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэг сарын хугацаагаар таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж дурдсан. Хуулийн дээрх заалтад “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол цагдан хорих шийдвэр гаргана” гэж заасан юм.
Шүүхээс ийм шийдвэр гаргахдаа дээрх хүмүүсийг Эрүүгийн болон бусад хуульд шинээр орсон “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэж үзсэнээс болсон аж. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баяр тэргүүтэй хүмүүс хэдийгээр албан тушаалаа өгсөн ч гэлээ улстөрийн нөлөө нь буй учраас мөрдөн байцаалтад ач холбогдолтой баримт сэлтийг өөрчлүүлэх гэх мэтээр саад учруулж болзошгүй гэж дүгнэхдээ хуульд байгаа дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн заалтыг үндэслэл болгосныг эх сурвалжууд хэлж байв.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Д.Данзанноров өчигдөр үйлчлүүлэгчээ ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас гарган авахаар очихдоо “Яллагдагчаар татах тогтоолд авлига, хээл хахуулийн асуудал, хөрөнгө мөнгө шамшигдуулсан гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Засгийн газрын танхимаар хэлэлцэн шийдвэрлэсэн, улс төрийн шийдвэрийн зөв, бурууг хэлэлцээд байгаа юм.
Хэд, хэдэн Засгийн газар дамжин хэлэлцээд, УИХ-д танилцуулан хоёр ч тогтоол баталсан асуудал. Энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд асуулга тавьж байсан. Энэ гэрээг батлахын өмнө УИХ-аар хэлэлцсэн байдаг. Тэгэхээр Оюутолгойн гүний уурхайг хөдөлгөх, эсэх асуудлаар улс төрийн шийдвэрийн зөв бурууг прокурор, АТГ хэлэлцэж байгаа нь буруу. Монгол Улсын Үндсэн хуулийн 45.2-т Засгийн газрын шийдвэр буруу гэж үзвэл Засгийн газар өөрөө, эсвэл УИХ хүчингүй болгоно гэж заасан” хэмээсэн.
АТГ-ынхны мөрдөн шалгалтын явцад энэ хүмүүс өөрсдийн сайн дураар, хууль зөрчин гэрээ байгуулсан асуудал тогтоогдохгүй байгаа гэнэ. Оюутолгой төслийг эхлүүлэхдээ Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагчидтай 2009 онд байгуулсан гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх “Дубайн” гэж нэрлэгдэх болсон 2015 онд АНЭУ-д очиж хийсэн гэрээ зэргийг УИХ-ын хяналт доор гарын үсэг зурсан учраас хэрэгт холбогдсон хүмүүсийн буруутай үйлдэл тэр бүр тогтоогдохгүй байгаа аж.
Мөн хээл хахууль авсан үйлдэл ч гарч ирээгүй гэдгийг эх сурвалжууд баталж байна. Харин цөөнгүй иргэн “АТГ-ынхнаар улстөрчид нэгнээ “намнуулж”, хэн хэнийг нь муухай харагдуулах гэсэн арга, ажиллагаа явагдаад байна” гэж үзэж буй юм. Юутай ч АТГ, прокуророын байгууллагын ажлын хэсэг уг асуудлыг шалгаж мухарласны дараа ч энэ гэрээ ард түмэнд сэжигтэй санагдсан хэвээр л үлдэх нь гарцаагүй. Сэрдэгдсэн улстөрчдийн нэрэнд ч эрүүгийн хэрэгт шалгуулж байсан гэх сэв сууж үлдэх нь.