БНСУ-д зорчих виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлэх тохиолдол олширчээ. Тухайлбал, нийгмийн даатгалын болон гэрлэлтийн лавлагаа, оюутны үнэмлэх, дүнгийн хуулбар, ажлын газрын тодорхойлолт зэргийг хуурамчаар үйлдэх зөрчил цөөнгүй илэрсэн байна.
Мөн Европын орнууд руу зорчсон гэх хуурамч дардас дарсан тохиолдол ч гарчээ. Зөвхөн өнгөрсөн сард БНСУ-ын Элчин сайдын яаманд 400 гаруй хуурамч материал ирсэн аж. Түүнчлэн “ЭСЯ-нд таньдаг хүн байна, виз гаргаж өгнө” гэсэн залилагч этгээдүүд иргэдийг хохироох болсон тул ийм мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүллээ.
Энэ төрлийн гэмт үйлдлийг таслан зогсоох үүднээс хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн бол БНСУ-д зорчих эрхийг 1-5 жилээр түдгэлзүүлэх болжээ. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авч буй учир гэмт хэрэгт холбогдож, хохирохгүй байхыг ЦЕГ-аас иргэдэд анхаарууллаа. Виз мэдүүлж буй иргэдийн санхүүгийн баталгаа болгох үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг бүрдүүлэх материалын жагсаалтад багтаасан байдаг.
Иргэд уг лавлагааг хуурамчаар үйлдэх, засварлах тохиолдол олон гарчээ. Тиймээс манай улсын НДЕГ болон БНСУ-ын ЭСЯ хамтран лавлагааны маягтаа шинэчилсэн гэнэ. Мөн лавлагаа хуурамч бус, баталгаатай, эсэхийг шалгах систем нэвтрүүлснээ мэдээлэв.
Дашрамд дурдахад, БНСУ руу зорчих иргэдийн тоо сүүлийн үед эрс өсөж, өдөрт 1000 орчим өргөдөл ирж байгаа аж. Тэдгээрийг нарийвчлан шалгаж байгаагаас хариу өгөх хугацаа нэлээд удааширч буй аж.