
Нийслэлийн Тээврийн газрын байцаагч нар микроны жолооч нарын үнэмлэхийг хураан авсан тул өчигдөр микроны жолооч нар Нийслэлийн тээврийн газар болон Нийслэлийн төв захиргааны байр “Хангарьд” ордны урд эсэргүүцлийн жагсаал хийв. 200 гаруй иргэн оролцсон уг жагсаалыг зохион байгуулж буй “Бичил аян эздийн хоршоон”-ы дарга Г.Баатар хэлэхдээ “Өчигдөр Нарантуул чиглэлд явдаг 40-50 микро автобусны гэрчилгээг бүртгэлийн санд байхгүй гэх шалтгаанаар нэг дор хураан авсан. Үүнийг бид байцаагчид албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гэж харж байна. Өнгөрсөн жилээс эхлэн 150 гаруй машиныг Нийслэлийн тээврийн газарт бүртгүүлэх гэсэн боловч ямар нэгэн шалтгаан гаргасаар өнөөдрийг хүрлээ. Бид үүнд бухимдаж байна” гэлээ.
Үзлэг, оношлогоонд тогтмол хамрагдсан, стандартын шаардлага хангасан 82 микро автобус Нийтийн тээврийн газарт бүртгэлтэй байдаг ажээ. Маргаашаас эхлэн микро автобусны жолооч нар тус тусын чиглэлдээ эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрэв шийдэлд хүрч 150 гаруй микро автобусыг бүртгэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ микроны жолооч нар хэлж байлаа.